ДОРНОГОВЬ: “Музейгээр аялъя” сарын аяны хүрээнд 545 албан хаагч музей үзжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Музей, сургалт судалгааны төвөөс дөрөвдүгээр сард “Музейгээр аялъя” сарын аяныг зохион байгууллаа.
Аяны хугацаанд Сайншанд сумын 44 байгууллагын 545 албан хаагч музей үзэж, оюун ухаан, эрдэм мэдлэгээ сорилоо. Музей нь орон нутгийн түүх, соёлын өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, иргэдийг соён гэгээрүүлэх олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
Уг аяны хүрээнд төрийн өмчийн албан байгууллага, хувь хүмүүсийг музей үзэхийг уриалж, үзмэр бүрийг бүрэн тайлбарлаж, үзсэн байгууллага хамт олны дунд түүх, соёлын мэдлэг олгох асуулт хариултын “АХА” болон “Алтан хонх” тэмцээн зохион байгуулж, үзэсгэлэнгийн танхимд дэглэсэн “PHOTO WEEK-DORNOGOBI” гэрэл зургийн үзэсгэлэнг танилцуулж, боловсролын хөтөлбөрүүд хэрэгжүүлэн, соёлын олон талт үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Дорноговийн музейд Хүннүгийн үед холбогдох
археологийн ховор үзмэрүүд буйгаараа бусад аймгийн түүхийн музейгээс онцлогтой төдийгүй байгалийн хэсэгт эртний аварга сүүн тэжээлтэн,
загас, яст мэлхий, үлэг гүрвэл зэрэг сээр нуруутан амьтдын тухай үзмэрүүд бий.