“Чингис хаан” олон улсын нисэх буудал агч модны төгөлтэй болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тэрбум мод” НҮТББ нь Израил Улсын Гадаад хэргийн яамны дэргэдэх Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны MASHAV агентлагийн дэмжлэгээр агч модны төглийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны талбайд байгууллаа.
“Тэрбум мод” НҮТББ нь MASHAV агентлагтай байгуулсан санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж байгаа бөгөөд төгөл байгуулахыг ГХЯ, Ойн газар, УСУГ, Израил улсын өргөмжит консул дэмжжээ.
Мод тарихад Бээжин дэх Израилийн Элчин сайдын яамны Соёл,
шинжлэх ухааны Атташе Доктор. Габриел Рик болон “Нью Улаанбаатар” Интернэйшнл
Эйрпорт ХХК, “Чингис Хаан” ОУНБ дахь Гаалийн газар, ГИХГ, Тээврийн цагдаагийн
албаны Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, Хилийн цэргийн 0218-р ангийн
албан хаагчид оролцов.
Израил Улс 1950 оноос байгаль орчныг хамгаалах,
цөлжилт, газрын доройтлын эсрэг газар нутагтаа мод тарьснаар газар нутгийнх нь дөнгөж 2 хувийг эзэлж
байсан ой модыг өдгөө 8.5 хувьд хүргэж нэмсэн байна. Мод тарьж ургуулахад
усалгааны ухаалаг систем нэвтрүүлж, цөл газрыг “ногоон хэрэм” болгон өөрчилж
чаджээ.
Дэлхий дээр хэдэн зуун төрлийн агч байдгаас манай оронд 5-6 төрлийг ургуулдаг. Өндөр ургадаг, навч нь далбагар, хэд хэд салаалдаг, хаана ч тарьсан маш хурдан бас гоёмсог ургадаг учир нийтийн зам талбайг дагуулан ихээр тарьдаг. Агч модны навч намар болоход улаан ягаан болж өнгө хувирдаг онцлогтой аж.