“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж, их шөвөгт шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнд манай улсаас лигийн аварга “Хасын Хүлэгүүд” болон дэд аварга “Бишрэлт Металл” өрсөлдсөн юм. Тэгвэл “В” хэсэгт багтсан “Хасын Хүлэгүүд” хэсэгтээ зургаа тоглож, бүгдэд ялснаар 100 хувийн амжилттай хасагдах шатанд үлдлээ. Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо талбайдаа өчигдөр “Хай Тех”-тэй хийхдээ 88:80-аар буулган авчээ. Ингэснээр 12 оноотой хэсгээ тэргүүлж хасагдах шатанд Индонезийн “Пелита Жаяа” багтай хийх юм.
Харин хагас шигшээ шатны нөгөө тоглолт нь Тайванийн “Таоюань Пайлотс”, “Нью Тайпэй Кингс” багийн хооронд болно. Энэхүү тоглолт Улаанбаатар хотын “М банк арена”-д энэ сарын 30, 31-нд болох бөгөөд хасагдах шатанд хожсон багууд “2025 Basketball Champions League Asia” эрхээ авна.
Харин “А” хэсэгт багтсан “Бишрэлт Металл” багийн хувьд нэг хожиж, тав хожигдсоноор энэ удаагийн тэмцээнээ дуусгалаа.