С.Мөнхтуяа: Нярай хүүхдийг сайн анзаарвал юу хүсэж байгаа нь мэдэгддэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-05-22 10:06:28

Улаангом, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн нярайн сувилагч Сайнбилэгийн Мөнхтуяатай цөөн хором ярилцлаа.


-Нярайн сувилагчаар хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-Би 2002 онд Улаангом сумын 10 жилийн дунд сургууль төгсөөд 2006 онд Дархан-Уул аймгийн Анагаахын шинжлэх ухааны коллежийг Сувилахуйн арга зүйч мэргэжлээр дүүргэсэн. Улаанбаатар хотод хувийн эмнэлэгт хоёр жил ажиллаад нутагтаа эргэн ирж 2008 оноос аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эх барих, эмэгтэйчүүдийн тасагт сувилагчаар ажилласан. Улмаар 2014 онд нярайн сувилагчийн гурван сарын курс төгсөж ирснээс хойш нярайн эрчимт эмчилгээний сувилагчаар тасралтгүй 10 гаруй жил ажиллаж байна.

2017 онд нярайн вакцинатораар жил гаруйн хугацаанд давхар ажиллаж, шинэ төрсөн нярай нарт вакцин хийдэг байсан.

Урд нь 8/16-аар ээлжилж ажиллаж байсан бол одоо 12/12-оор ээлжид гарч байгаа. Заримдаа ээлжээс буучихаад гэртээ цай хоол идэж амжилгүй сургалт, тасгийн яриа болон эх, нярай хүндэрвэл эргээд ажил дээрээ дуудагддаг. Ээлжид хоносон энэ тэр огт хамаарахгүй, хагас цэрэгжилтийн байдалтай байдаг.

Бид өглөө бүр ээлжид ирэхдээ өөр өөр асуудалтай тулгардаг. Юу ч угтаж болно. Хэдэн ч нярай эмчилгээнд орж болдог, эсвэл тайван хоносон ч байж болно.

Манай аймаг эхийн эндэгдэлгүй 14 жил болсон. Мөн нярайн эндэгдэл жилээс жилд буурч, маш бага гарч байсан. Гэтэл энэ жилийн эхний таван сарын байдлаар аймагт нэг, суманд нэг, хоёр эх, 7-8 нярай эндчихээд байна. Хоёр ихрээр хоёр удаа эндэхэд л дөрөв гээд тоонд орж байна. Эх, нярайн эндэгдлээс болоод манай аймаг энэ жил анхаарлын төвд орж, яамны хэмжээнд асуудал яригдаж байгаа.


-Юунаас болоод эх, нярай эндээд байна вэ?

-Дутуу төрөлт их байгаа нь жирэмсэн эмэгтэйчүүд өөртөө хайхрамжгүй, хэнэггүй, хяналтад ороогүй явж байснаас болдог. Мөн эцэг, эхийн хариуцлагагүй байдал их нөлөөлж байна. Энэ цагийн хүмүүсийн амьдралын хэв маяг өөр болчихсон. Би жирэмсэн болсон гээд зарим эмэгтэйчүүд юу ч хийхгүй зүгээр л хэвтчихдэг, мөн замбараагүй хооллож байна, янз бүрийн шарсан хуурсан хоол их идэж байна. Түүнээсээ болоод артерийн даралт ихэсдэг, хавагнадаг. Энэчлэн эрүүл мэндийн наад захын мэдлэггүй, зөвхөн эрүүл мэндийн байгууллагад найдсан хүмүүс л ирдэг болсон.  

Мөн дараагийн шатлал руу явах заалттай хүмүүс явахгүй байж байгаад дутуу төрөх гээд өвдөөд ирнэ. Хүүхэд нь дутуу төрөхөөр эрчимт эмчилгээнд орно. Хүндрэлүүд нь цаашаа лавшраад явдаг. Амьдрах нас нь болоогүй байхад төрсөн дутуу нярайд өдөр тутам хүндрэл эрсдэл учирдаг. Цус алдана, тархинд цус харвана гэх мэтээр юу ч тохиолдож болно.


-Ажлынхаа жаргал, зовлонгоос хуваалцана уу?

-Би гурав дахь хэлтэй хүн шүү дээ /инээв/. Хэдэн нярай нартайгаа яриад ойлголцоод явчихдаг. Ээжид нь өгөхөөр уйлаад байдаг. Хоёр гартаа нэг нэг нярай тэврээд зөөлхөн хөдөлгөж байтал унтчихдаг. Залуу ээжүүдийн зарим нь эгчээ та аваад явах уу, манай хүүхэд уйлаад байна л гэдэг. Тэгэхээр нь охин бол бүрмөсөн авлаа, хүү бол буцааж өгнө л гэдэг. Манайх гурван залуутай. Нас ахиж яваад төрж байгаа хүмүүс их ядардаг. Нойргүй хонолтыг дийлэхгүй, хүүхэд уйлах, живх солиход хүртэл зүдэрдэг, хөлс нь гоожоод л байна. Тийм хүмүүсийн хүүхдийг түр авч яваад жаахан унтуулаад аваад ирэхээр их баярладаг.

Уйлж байгаа нярайн дэргэд очоод доошоо, эсвэл хажуу тийш нь эргүүлж хэвтүүлээд, гэдэс нь дүүрчихсэн байвал зөөлхөн илээд өгөхөөр тайвшраад жомбойгоод унтчихдаг. Тэгэхээр л ээжүүд та хаана нь өвдсөнийг яаж мэдээд байна аа гэхээр би гуравдагч хэлтэй хүн, нярайн хэлээр яриад ойлгочихдог шүү гэж инээлгэдэг юм.

Нярайн хэл угаасаа ойлгогддог. Сайн анзаарвал юу хүсэж байгаа нь мэдэгддэг юм. Эмчилгээтэй нярай хөмсөгөө зангидчихаад уйлаад л байна, энэ толгой биш, гэдэс нь өвдөөд байна даа гээд л тэр хэсэгт нь эмчилгээ хийх ч юмуу тайвшруулахаар зангидаж байсан хөмсөг нь сулраад л унтчих жишээтэй.

Эмчлүүлээд сүрхий болсон нярай жимбийгээд, суниагаад, хошуу амаа хөдөлгөөд, хөхөө хөхөөд, бүр нэг хөөрхөн эгдүүтэй болчихдог. Тэгэхэд нь анх ямар байлаа, одоо энэ хаалгаар хурдан гараад яваад од гэдэг. Заримдаа гудамжинд явж байхад танихгүй хүмүүс мэндлээд, манай нөгөөх ийм том хүү, охин болсон шүү эгчээ гэдэг. Би бүгдийг нь сайн танихгүй тул манайд ирж төрсөн ээжүүдийн нэг байна гэж бодоод л өнгөрдөг дөө.  

Эмчлэгдэхгүй, бүр туйлын дутуу нярай үнэхээр хэцүү. Нэг кг хүрэхгүй шахам жижигхэн биед тэр олон аппарат тоног төхөөрөмж, зүү тариур холбоод, байсхийгээд л эмчилгээ хийнэ, өмнөөс нь бүр өр өвддөг. Бүх төрлийн оношилгоо хийхийн тулд олон аппарат залгах хэрэг гарна, олон удаа эхо рентген дээр очих хэрэг гардаг.

Олон нярай эндээд байхаар одоо би ажлаасаа халширч байна. Тэр амьтдыг ороож аваад л доошоо буух чинь үнэхээр хэцүү. Ээжид нь үзүүлэх тэр үеийн мэдрэмж бол тэсэхийн аргагүй хэцүү бэрх. Би чинь одоо ямар ажил хийгээд байна даа гээд сүүлийн үед их гутарч байгаа. Сувилагч нар нярайг бас л том хүн шиг хүндэтгэлтэй засдаг. Угаасаа засах стандарттай, тэр л стандартаар засаж, хаяг тэмдэглэгээг нь тавьдаг. Энэ бүх үйл явц маш хэцүү, асар их тэвчээр, сэтгэлийн хат шаарддаг.


-Нярайн тасагт эмч, сувилагчийн хүрэлцээ хэр байдаг вэ?

-Стандартаар бол манайд 4-5 нярайн эмч байх ёстой. Эрүүл нярай, эмгэг нярай бүгд тусдаа эмчтэй, бас дээр нь жижүүрт эмч хонож байх ёстой. Гэтэл одоо манайд дууддаг эмч нь нэг, өдөрт үздэг эмч нь нэг, эмчилгээ хийдэг эмч нь нэг байна. Ердөө ганцхан эмч, дөрвөн сувилагчтай. Нярайн эмчээр хүн явж сурахгүй байна, тэр бүү хэл манай тасагт сувилагч ч ирэхгүй байгаа.

Шөнө ээлжид хонохдоо бид ямар ч завгүй, гөлийж хонодог. Бусад тасгийнхан цагийн тариагаа хийчихээд түр амсхийгээд авдаг бол манай тасагт тийм юм байхгүй. Таван монитер зэрэг ажиллаад дуу чимээ ихтэй гэж бэрх. Бүгд дан дан гэсэн нэг хэмнэлд дуугардаг. Аль нэгнийх нь дуу багасаад ирэхээр хэн нь вэ гээд эргээд харахад нярайн амин үзүүлэлт нь муудаж, зүв зүгээр байснаа хөхрөөд сааралтчихдаг. Тэгээд л нөгөө ганц эмчээ дуудна.

Ядаж хоёр сувилагч ээлжид хонодог болчихвол сайн байна. Таван хүүхдийн живхийг солиод иртэл дараагийн цагийн тариа болно, тэгээд хооллоно, бүгд цаг нь өөр, бараг юу ч хийж амжаагүй байтал өглөө болдог. Хоёр сувилагчтай бол шал өөр, нэг нь бичих ажлаа хийнэ, нөгөө нь асаргаа сувилгаагаа хийнэ. Хажуугаар нь хийсэн ажлаа бүгдийг нь бичих бичиг цаасны ажил ихтэй тул заавал компьютерийн ард суух хэрэг гарна. Бид нарыг жижиг пад маягийн юмтай болгомоор байгаа юм. Эмчилгээ, тариагаа хийгээд явж байхдаа халааснаасаа гаргаж ирээд бичээд явж байвал амар байх.

Манай тасагт сард 120 ээж, жилд 1600 орчим ээж төрдөг. Сумдтайгаа нийлээд жилдээ аймгийн хэмжээнд 2000 орчим ээж амарждаг.  


-Амаржиж буй ээжүүдэд ямар зөвлөгөө өгдөг вэ?

-Хамгийн гол нь төрөхөөс өмнө өөрөө өөрийгөө бэлдэх хэрэгтэй байдаг. Хүүхдээ яаж асарч, сувилах талаар ганцаараа байхдаа л судлах хэрэгтэй. Хүүхэд гарсны дараа уйлаан майлаан дунд юу ч уншиж судалж чадахгүй шүү дээ. Ямар ч хэрэггүй утсаа ухаж байхаар цахим орчноос хэрэгтэй мэдээллээ авах хэрэгтэй гэж хэлдэг дээ.


-Сүүлчийн мөчийг танд үлдээе?

-Ер нь бол нярайн сувилагчид хэд дахин анхаарал, хэд дахин мэдрэмж, хэд дахин үнэнч байдал шаардагддаг. Бусад сувилагч нараас ялгардаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Манай бусад албад ч гэсэн нярайн сувилагч нарыг их хүндэлдэг. 

Шинэ төрсөн нярайг тосч аваад өлгийдөх, амаржсан ээжид болон ар гэрт нь хүйс, жинг нь хэлэх агшин маш гоё байдаг. Тэр болтол бас бөөн юм болно оо. Дүллээ, дүлсэнгүй гээд л шөнө дунд хэрэлдээд л, тас тас инээлдээд л нэгэн бодлын жаргалтай мөч байдаг.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ