Үндэсний чанарын өдрөөр компаниудын засаглалыг хөндөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-09 15:30:15

Чанартай бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгчдэд очихдоо хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй юу гэсэн үзүүлэлтээс гадна байгаль орчинд ээлтэй эсэх, удирдлагын тогтолцоог хангаж чадсан уу гэдэг нь чухал хэмээн албаныхан онцолж байна.

 Учир нь Монгол Улс Дэлхийн чанарын өдрөөр дээрх асуудлыг хэлэлцэх юм. Жил бүрийн 11 дүгээр сард Дэлхийн чанарын өдрийг тэмдэглэн Үндэсний чанарын чуулганыг зохион байгуулж ирсэн. Энэ удаад “Үйл ажиллагааны засаглалыг хөгжүүлье” уриан дор чуулахаар болсныг МҮХАҮТ-аас мэдээллээ. Стандарчилал хэмжил зүйн газар, Европын Холбооноос Монгол Улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл, МҮХАҮТ хамтран дээрх чуулганыг 11 дүгээр сарын 15-нд зохион байгуулах юм байна.

“Үндэсний чанарын 7 хоног”-ийн хүрээнд Чанарын форум, үзэсгэлэн, хэлэлцүүлэг, Чанарын шагнал гардуулах ёслолын ажиллагааг  зохион байгуулах аж. Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартыг олон улсад нэг сая гаруй байгууллага нэвтрүүлсэн бөгөөд үүний 96 нь Монголын компаниуд юм байна. Тус стандарт өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортод бүтээгдэхүүн гаргахад томоохон түлхэц болно хэмээн албаныхан тодотголоо.

Дэлхийн чанарын өдрөөр уламжлал ёсоор чанар, аюулгүйн өндөр баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор  шилдгийн шилдгийг илэрхийлэх “Үндэсний чанарын шагнал”-ын эзэн 3 байгууллагыг тодруулах юм байна.

МҮХАҮТ-ын орлогч дарга М. Сарандаваа:

МҮХАҮТ гурав дахь жилдээ “Үндэсний чанарын 7 хоног”-ийг тэмдэглэж ирсэн. Манай танхим 2016 оныг Засаглалыг сайжруулах жил болгон зарласан. Тиймээс энэ удаагийн чуулганаар “Чанар ба өрсөлдөх чадвар”, “Чанар ба үйл ажиллагааны засаглал” гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Компанийн засаглал чанартай бүтээгдэхүүний эхлэл учраас энэ жил дээрх сэдвийг хөндөнө. Зарим компаниудын хувьд бүтээгдэхүүн нь чанартай байвал дотоод асуудал чухал биш гэж үздэг. Гэтэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй байгууллагын  ил тод байдал, удирдлагын шийдвэр, ажилчдын үнэлгээ, хэрэгжүүлж байгаа дүрэм журам нь хуулинд нийцэж буй эсэх нь өнөө цагт чухал болсон. Наад зах нь Монгол Улс гадагшаа экспортлох бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарах шаардлагатай байгаа. Тухайлбал арьс, арьсан эдлэлээр бүтээгдэхүүн хийхдээ дулаан оронд тохирох технологийг нэвтрүүлэх хэрэгтэй.  Халуунд арьсны эхүүн үнэр гарахаас эхлээд асуудал үүсдэг.

-Стандарт, хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг

-Өнөөдрийн байдлаар манай улсад 96  байгууллага чанарын менежментийн тогтолцооны ISO -9001 стандартыг нэвтрүүлээд байна. Харин үндэсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог гурван байгууллага нэвтрүүлсэн. Үндэсний чанарын хөтөлбөрт Монгол Улс тэргүүлэх таван чиглэлийг дэвшүүлэн ажиллаж байгаа. Тодруулбал экспортын тэргүүлэх бүтээгдэхүүнийг бий болгох, импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжих, органик бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд бодлогоо  чиглүүлж байна.

Европын Холбооны Монгол улсын стандартын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төслийн ахлагч Де Пау Хенк:

-2014 оны 4 дүгээр сарын 1-нээс “Бүтээгдэхүүний чөлөөт урсгал”-д гол үүрэг гүйцэтгэх Европын зарчим, норм, стандартыг нутагшуулах Монгол Улсын Засгийн газрын санаачлагыг дэмжих зорилгоор стандартын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийг гурван жилийн хугацаатай нийт 3.7 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжүүлэх юм. Европын чанарын дэд бүтэц, зах зээлийн хяналтын тогтолцоог Монгол Улсад бүхэлд нь эсвэл хэсэгчилэн авч хэрэгжүүлэх зорилгоор стандартчилал, итгэмжлэл, зах зээлийн хяналт, үндэсний чанарын хөтөлбөр боловсруулж, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэхэд анхаарч ажилласан.  Мөн байгууллагын чадавхи нэмэгдэх, хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, гадаад худалдааг дэмжин ажиллаж буй юм. Монгол Улсын хувьд чанарын тогтолцоогоороо олон улсын жишгээс нэг их хол зөрөхгүй. Гол нь стандартчиллын үйл ажиллагааг Дэлхийн худалдааны байгууллагын шаардлагад нийцүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай.

Дашрамд дурдахад өнгөрсөн жил аж ахуйн нэгж байгууллага, бүтээгдэхүүн, үйлчилгээ гэсэн 3 төрлөөр шилдгийн шилдгийг тодруулж “Үндэсний чанарын шагнал”-ыг 9 байгууллага хүртжээ.

 Б.Заяа

 

Холбоотой мэдээ