П.Сэргэлэн: Монгол махыг зорилтот зах зээлд нийлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-11-11 18:15:04

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн оролцох үеэрээ "Монгол малын махыг зорилтот зах зээл рүү чиглүүлэх зорилт тавьж байна" хэмээв.

Тодруулбал, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, "ХАА-н салбарыг уул уурхайн салбартай эн тэнцүү хөгжүүлнэ гэж тодорхойлсон. Манай улсад ХАА-н салбарын өрсөлдөх чадварын үнэлгээ гэж байдаг уу. Тухайлбал, Шинэ Зеландын хонины аж ахуйтай өрсөлдье гэвэл бид юу хийх ёстой вэ" гэсэн асуудлыг тодруулахад ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, "Ажлаа аваад манай ХАА-н салбарын хөгжил хаахна явна вэ гэдгийг тодорхойлох зорилгоор аудит хийлгэхээс ажлаа эхэлсэн. Ер нь монгол мах, махан бүтээгдэхүүнийг  бөөний зах зээлд биш, зорилтот зах зээлд нийлүүлнэ гэж тооцоолж байгаа. Мөн чацарганыг олон улсад борлуулах ажлыг зохион байгуулна. Шинэ Зеландын хонины аж ахуйтай өрсөлдөхийн тулд юуны түрүүнд бид малаа эрүүлжүүлэх хэрэгтэй" гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн хувьд, Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед ажлын байраа хадгалаад ашигтай ажиллаж буй салбар бол МАА-н салбар. Энэ салбараас хамгийн олон ажлын байр бий болгох бололцоотой. Тиймээс энэ салбарын хөдөлмөрийг хөнгөвчлөх тал дээр санаачилгатай ажиллаарай.  

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Туул голыг бохирдуулагч гурван хүчин зүйлийн нэг нь арьс ширний үйлдвэрүүд юм. Арьс ширний үйлдвэрүүдийг нийслэлээс гаргах 2017 онд гаргах шийдвэр гарсан байдаг. Хөнгөн үйлдвэрийн паркаа Эмээлтэд байгуулах гэж байна уу. Бэлтгэл ажил хангагдаж байна уу. Малын гоц халдварт өвчний талаар хэвлэл мэдээллээр мэдээлэх нь хэр оновчтой вэ?

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Хөнгөн үйлдвэрийн салбарынхан цэвэрлэх байгууламжаа барьчихвал нүүхэд бэлэн гэж мэдэгдсэн. Олон улсын Мал эмнэлгийн байгууллагын зүгээс халдварт өвчнөө мэдээлж байхыг зөвлөдөг. Тэгвэл хурдан хугацаанд тактикаа боловсруулж, газар авалгүй дарахад тус дэмтэй гэсэн зааварчилга өгдөг.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Махны экспорт  болоод мал эмнэлгийн асуудлыг хэрхэн шийдэх гэж байна вэ?

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Махны экспорт ярихаар малын гоц халдварт өвчлөлийн асуудал хөндөгддөг. Тиймээс малаа эрүүлжүүлэх шаардлагатай болоод байгаа юм. Одоогоор 980 орчим хувийн мал эмнэлэг байдаг. Эд нар хүн хүч хүрэлцээгүйгээс вакцинаа дутуу хийдэг, стандартаар нь хийдэггүй гэх зэрэг хүндрэл гардаг. Иймээс босоо тогтолцоотой улсын мал эмнэлэг байгуулна.

УИХ-ын гишүүн М.Билэгт, Монгол Улс өнөөдөр малаа эрүүлжүүлээгүйгээс хөрш орнууд мах авахгүй байна. Түүнчлэн иргэнээ эрүүл хүнсээр хангаж чадахгүй байдалд хүрлээ. Манай улс 25 сая толгой малтай байхад 45 мянган тонн мах экспортлодог байжээ. Сүүлийн 25 жилд чаддаг байснаа зүйлээ чадахаа больсон. Тэгэхээр МАА салбараа төрөөс бодитойгоор дэмжих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Энэ өвөл 100 жилд байгаагүй хүйтэн өвөл болно гэсэн. Өвөлжилтийн бэлтгэл хэр хангагдсан бэ?

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Олон жилийн дунджаас хүйтэн байх мэдээ ирж байгаа нь үнэн. Улсын хэмжээнд 60.8 сая толгой мал өвөлжинө. Нийт нутгийн 80 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, үлдсэн хэсэгт нь бэлчээр дутагдах учир нутаг сэлгэн өвөлжинө. Энэ жилийн хадлан тэжээлийн бэлтгэл харьцангуй сайн байгаа.

Гишүүд ийнхүү асуулт асууж, саналаа хэлснээр өнөөдрийн чуулган өндөрлөв.

Б.Туул

Холбоотой мэдээ