Наадмаас бусад үед ч сэргээшийн шинжилгээ авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-11-22 08:13:25

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан, тэргүүлэгч гишүүд болох улсын заан Д.Мягмар, улсын харцага Д.Сэрээтэр, улсын начин Г.Пүрэв-Очир нар өнгөрсөн ням гарагт Бөхийн өргөөнд бөхчүүдтэй уулзалт хийжээ.

Энэ уулзалтаар бөхийн ёс жудаг, барилдааны үеийн шинэчлэгдсэн журмууд, наадмаас бусад үед бөхчүүдээс допингийн шинжилгээ авах болсон тухай, шинжилгээг хэрхэн авах, хэрэгжүүлэх шинэ журмын тухай зэрэг асуудлаар танилцуулсан байна.

Энэ өдөр МҮБХ-ноос сар бүр зохион байгуулдаг аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн 11 дүгээр сарын барилдаан болж хүчит 256 бөх зодоглосноос Булган аймгийн Гурван булаг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Булган хангай” дэвжээний бөх аймгийн арслан Д.Амаржаргал түрүүлжээ. Харин Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Бес богда бүргэд” дэвжээний бөх аймгийн арслан Б.Серик үзүүрлэв. Шөвгийн дөрөвт аймгийн арслан Т.Бэгзсүрэн, Б.Бат-Орших нар шалгарлаа.

Д.Өлзий

Холбоотой мэдээ