Малчид гамшгаас сэргийлэх талаарх мэдлэгээ дээшлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-12-07 13:00:19

Увс аймгийн Улаан Загалмайн Хорооны түүхт 60 жилийн ойн баяр өнөөдрөөс эхлэж байна.

Энэ хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдлийг бууруулах бэлэн байдлыг хангах” сэдэвт малчдын туршлага солилцох сургалт, зөвлөлгөөн аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд зохион байгуулагдаж байна.

Малчдыг гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгийн сургамж дүгнэлтэнд тулгуурлан ажлын туршлага солилцох, мэдлэг мэдээллийг дээшлүүлэхэд энэхүү зөвлөлгөөний зорилго чиглэгдэж байгаа юм. Зөвлөлгөөнд Увс аймгийн 19 сумын 80 гаруй малчин оролцож байгаа бөгөөд аймгийн Засаг даргын орлогч Ц.Батболд, аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулга, аймгийн УЗХорооны дарга Э.Дуламсүрэн нар зөвлөлгөөнийг чиглүүлэн явуулж байна.

Энэ үеэр аймгийн мал аж ахуйн өнөөгийн байдал, малд тэжээл бэлтгэх, тэжээх арга, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, малаас хүнд халдварладаг Зооноз өвчний өнөөгийн байдал, сэргийлэх арга зам, малчдын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын асуудал зэрэг сэдвээр холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийх юм. Мөн малчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, цаашдын зорилтоо тодорхойлж, зөвлөмж гаргана.

Үүнээс гадна зөвлөлгөөнд оролцогчид арьс, шир, эсгий, гутлын үйлдвэрлэлийг орон нутагтаа явуулдаг “Дөрвөн булаг” компанийн үйл ажиллагаатай танилцах юм.

Зарим сумдад өвөлжилт хүндэрч, цас ихээр орсон энэ үед малчдын туршлага судлах зөвлөлгөөнийг зохион байгуулж, цаашид авах арга хэмжээний талаар нухацтай ярилцаж байгаад малчид баяртай байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ