Америкийн танкууд Германд иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2017-01-07 11:48:18

БЕРЛИН. /ВВС/. ЗХУ-ыг задарснаас хойших хугацаанд Америкийн хамгийн том танкийн бригад Германы хойд нутагт хүрэлцэн иржээ.

Эхний ээлжинд 87 танк, 144 байлдааны хуягт машиныг Бремерхафений боомтод өчигдөр хөлөг онгоцноос буулгасан байна.

НАТО-гийн зүүн хязгаарт Америкийн 3500 цэрэг байрлаад байгаа нь ОХУ-ын болзошгүй түрэмгийллээс хамгаалах зорилготой ажээ. Энэ удаад танкууд тээвэрлэн авчирсан нь Оростой үүсээд буй хурцадмал байдлыг улам даамжруулж магадгүй гэж олон хүн санаа зовниж байна. Америкийн танкууд дамжин өнгөрч буй Германы Бремерхафен мужийн засгийн газар ОХУ-тай яриа хэлэлцээ хийхийг уриалжээ.

Америкийн цэргийн зэвсэг техник, бие бүрэлдэхүүн эхлээд Польшид цуглаж, дараа нь Эстониос Болгар хүртэлх долоон оронд очиж байрлах бол командлалын байр нь Германд байх аж.

Харин НАТО-гийн бусад гишүүн орнууд зүүн Европ дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүлж, жишээлэхэд, Их Британи улс сөнөөгч онгоцууда Хар тэнгис рүү илгээж, цэрэг, танк, хөнгөн хуягт машинуудаа ирэх хавар Эстонид байрлуулах ажээ. Үүний зэрэгцээ Германы цэргийг Литва улсад байрлуулахаар төлөвлөж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ