Вьетнамд өнгөрсөн онд 1 сая 641 мянган ажлын байрыг шинээр бий болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2017-01-10 13:47:31

ХАНОЙ. /Xinhua/. Вьетнамд өнгөрсөн онд улс орны дотоодод болон гадаадад ажилчид гаргах замаар нийт 1.641 сая ажлын байр бий болголоо гэж тус улсын Хөдөлмөр, нийгмийн асуудал хариуцсан яамны дэд сайд Дао Хон Лан мэдэгдэв.

Үүний зэрэгцээ тус улс өнгөрсөн онд 1.974 сая хүнийг мэргэжлийн сургалтад хамруулж, нийт ажиллах хүчний 53 хувийг бэлтгэжээ. Өнгөрсөн оны байдлаар Вьетнамд ажилгүйдлийн түвшин 2.3 хувьтай байсан байна.

Аж ахуйн нэгжүүдийн 70 орчим хувь нь 2017 онд ажилтнууддаа дунджаар 56.19 долларын шагналт цалин олгохоор төлөвлөөд байгаа аж. Энэ нь өмнөх оныхоос 6.2 хувиар өссөн үзүүлэлт юм.

Харин аж ахуйн нэгжүүдийн 83.5 хувь нь Цагаан сарын баярын үеэр ажилтан бүртээ дунджаар 219.73 долларын нэмэлт цалин олгохоор төлөвлөөд байгаа нь өмнөх оныхоос 4 хувиар буурсан үзүүлэлт болохыг яам мэдэгдэлдээ дурдлаа.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ