АНУ-д нэвтрэхийг хориглосныг эсэргүүцэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /VOA/. Ойрхи Дорнод болон Африкийн долоон улсын иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг хориглох тухай зарлигийг Ерөнхийлөгч Дональд Трамп гаргасантай холбогдуулан Америкийн олон хотод эсэргүүцлийн жагсаал болж байна.
Өнгөрсөн амралтын өдөр Вашингтон хотод Цагаан ордны өмнө олон хүн цуглан эсэргүүцлийн жагсаал хийжээ.
Жагсаалыг зохион байгуулагчдын ярьснаар, 2000 гаруй хүн, тэдний дотор Ираны иргэд жагсаалд оролцсон байна. Иран бол дээр дурдсан долоон улсын нэг юм.
Жагсагчид “Дүрвэгчдийг дэмж!”, “Би цагаачдыг хүлээж авна” гэсэн бичиг бүхий уриа лоозонгууд барьсан байв.
36 настай нэгэн эмэгтэй “миний эгч Иранд байгаа. Эгч маань АНУ-д байнга оршин суух “ногоон карт” авах хүсэлт гаргахаар Иран руу явсан. Нялх хүүхэд нь ээжийгээ санаад уйлаад байна” гэж ярилаа. Тэрбээр цааш нь ярихдаа “Д.Трампын шийдвэр нь гэр бүлийнхнийг салгаж, АНУ-ыг огт өөр улс болгон хувиргалаа” гэв.
Бостон, Нью-Йорк болон АНУ-ын бусад томоохон хотод ч эсэргүүцлийн жагсаал болжээ.
АНУ-д байнга оршин суух эрхтэй, түүнчлэн Иран, Ирак, Ливи, Сомали, Судан, Сири болон Йемен гэсэн лалын шашинт долоон улсын аль нэгнийх нь давхар иргэншилтэй хүмүүс АНУ-д нэвтрэхийг хориглосон байна.
Саяхан АНУ-д байнга оршин суух эрхтэй Ираны нэгэн судлаачийг олон улсын хуралд оролцоод буцаж ирэхэд нь Бостоны нисэх онгоцны буудалд баривчилжээ.
Дээрх долоон улсаас АНУ-д ирсэн хүмүүсийг нисэх онгоцны буудлаас баривчлах тохиолдол гарсаар байна. Мөн дэлхийн бусад улс орноос АНУ руу явах гэж байсан хүмүүс тасалбараа буцааж, нисэх онгоцны буудлаас гэртээ харьж байна.
Вашингтоны нисэх онгоцны буудлаас баривчлагдсан хүмүүсийн дунд ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байгаа ажээ.
Г.Доржханд