МАК-д ажиллах залуус сургалтаа амжилттай дуусгав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Даланжаргалан сумын Хөхцавын шохойн ордыг эзэмшиж байгаа “Монголын алт” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд тус аймгаас ажилтан авч ажиллуулахаар бүртгэл хийсэн. Энэ сарын 16-наас 30-нийг хүртэл нийт 70 гаруй хүнийг аймгийн МСҮТ-ийн хичээлийн байранд 14 хоногийн сургалтад хамруулж гэрчилгээ олголоо.
Тэд бутлуурын, хөргөгчийн, стайкерийн, рекламерийн, краны, тээрмийн, урьдчилан халаах болон зуухны, савлах хэсгийн оператор, бункерчин, бутлуурчин, конвейрийн машинч гээд автомат технологи дээр хэрхэн ажиллах мэдлэг эзэмшсэн байна.
Шинээр бэлтгэгдсэн ажилтнууд ирэх гуравдугаар сараас үйлдвэрт ажиллаж эхэлнэ хэмээн “МАК” ХХК-ийн ахлах ажилтан н.Жолдоон хэлэв. Цементийн үйлдвэрт ажиллахаар сургалтаа дүүргээд байгаа залуусын нэг Х.Анхбаяраас сэтгэгдлийг нь сонсоход “Би өмнө нь Их засаг их сургуулийг программ хангамжийн чиглэлээр төгсөж Төмөр замд ажиллаж байгаад ажлаасаа гарсан. ”МАК” компаниас зохион байгуулсан 14 хоногийн сургалтад операторын чиглэлээр хамрагдаж амжилттай төгслөө. Энэ үйлдвэрт ямар процесс явагддаг талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болсон. Үйлдвэрийн технологи нь бүрэн автомат юм байна. Оператор гэдэг хүний хамгийн чухал ажил бол технологи нь горимын дагуу ажиллаж байна уу? гэдгийг хянах үүрэгтэй. Тэгээд үйлдвэрт ажиллаад ирэхлээр дадлагатай болох байх. Нутгийн залуусын ажлын байраар хангаж байгаа чухал төсөл боллоо ” гэв.
Х.Эрдэнэбулган