Бан Ги Мүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭСӨҮЛ. /Yonhap/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй байхаар шийджээ.
Тэрбээр Үндэсний Ассамблейд өнөөдөр гэнэт хэвлэлийн бага хурал зарлаад “би энэ улс орны улс төрд өөрчлөлт хийж, улс орныг нэгтгэх гэсэн хүсэл зорилгоосоо ухарч байна” гэжээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “улс төрийн хүрээнийхний явцуу, хувиа хичээсэн хандлагууд намайг гонсойлголоо. Ийм хүмүүсийн эгнээнд орж, тэдэнтэй хамт нэг завинд суух нь утга учиргүй гэж үзсэн учир би ийм дүгнэлтэд хүрлээ” гэсэн байна.
Бан Ги Мүн бол ерөнхийлөгч болох хамгийн өндөр магадлалтай хүн гэж Өмнөд Солонгосын парламентын шинжээчид дүгнэснээс хойш хоёр хоногийн дараа НҮБ-ын тэргүүн асан ийм мэдэгдэл хийлээ.
НҮБ-ыг 10 жилийн турш удирдсаны эцэст өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нд халаагаа өгсөн тэрбээр нэгдүгээр сарын 10-нд Өмнөд Солонгост буцаж ирсэн билээ. Бан Ги Мүн улс төрийн салбарт шинэчлэлт хийж, ард түмнээ нэгтгэхийн тулд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байгаагаа нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Гэвч өөрийг нь болон төрөл төрөгсдийг нь авлигын хэрэгт холбогдуулж, улс төрийн дайралтууд ар араасаа цуврах болсон нь түүнийг ийм шийдвэр гаргахад хүргэсэн бололтой.
Г.Доржханд
.