Улсын харцага Ц.Содномдорж түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-19 12:55:26

Энэ намрын анхны хишиг барилдаан Хан-Уул дүүргийн 50 жилийн ойд зориулж өнгөрсөн ням гарагт болж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Хилчин спорт хорооны бөх улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Увс аймгийн Давст сумын харьяат, Алдар спорт хорооны бөх улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэв.

Залуу арслангууд магнайлсан энэ барилдаанд уран, хурц, дайчин барилдаан олон болж үзэгч олныг цөсийг хөөргөн өндөлзүүлэв. Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурь, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Хилчин спорт хорооны бөх улсын заан Д.Баасандорж нар шалгарсан юм. Харин дунд шөвөгт улсын шинэ харцага Б.Одгэрэл, улсын начин Ч.Цогбаяр, аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр, аймгийн арслан Б.Чимэдвандан нар үлдэв.

Хоёрын давааны төгсгөлд аймгийн цолтнууд хоорондоо нугарч барилдсанаас мэдрэмжтэй гавшгай, эрч хүчтэй аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, аймгийн заан Б.Түмэндэмбэрэл нарын барилдаан хамгийн сонирхолтой нь байв. Түмэндэмбэрэл заан алсын шуудаг аван барьцаа лавшруулан өргөж цацан давснаар үзэгчдийн уухайн дор туг тойрсон юм.

Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас энэ барилдааны дундуур олон жил үр бүтээлтэй хамтран ажиллаж байгаа АПУ ХК, Атар-Өргөө ХК, МҮБХ, Өмнөговь аймгийн ЗДТГ зэрэг байгууллага, хамт олонд дурсгалын зүйл гардуулав.

Д.Өлзий

Холбоотой мэдээ