Гадны аймгийн 52.8 мянган толгой мал өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-02-08 15:25:39

Дорноговь аймгийн ХХААГ-ын гаргасан мэдээллээс үзэхэд энэ оны нэгдүгээр сарын 31-ний байдлаар тус аймгийн Айраг, Алтанширээ, Сайхандулаан суманд Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Төв аймгийн 49 өрхийн 52.8 мянган толгой мал өвөлжиж байна.

Гадны аймгаас 50 гаруй мянган мал өвөлжиж байгаа ч энэ жил тус аймагт алаг  тарлан цастай, хүйтний эрч харьцангуй сул байгаа тул малын зүс сайн, малчид өнөтэй  өвөлжиж байна.

Аймгийн хэмжээнд 4137 малчин өрхийн нэг сая, 752.9 мянган  толгой мал өвөлжиж буй бол өөр аймгийн нутагт  долоон сумын 68 өрхийн 45.1 мянган толгой мал, өөрийн аймгийн зэргэлдээ сумдын нутагт долоон сумын 99 өрхийн 54.7 мянган толгой мал өвөлжиж буй мэдээлэл буй.

Хилийн зурваст таван сумын 118 өрхийн 67.1 мянган  толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт нэг сумын 92 өрхийн 28.8 мянган толгой мал,  нийт 377 өрхийн 195.7 мянган толгой мал отроор  өвөлжиж байгаа аж.

Тус аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд 149.4 тн өвс, 20 тн тэжээл байгаа бол сумдын аюулгүйн нөөцөд  626,1 тн өвс, 46.7 тн тэжээл, малчид 110.9 тн үйлдвэрийн тэжээл, 55.9 тн гар тэжээл бэлтгэжээ.

Харин өвөлжилт хүндрээгүй, цас багатай учир өвс тэжээл худалдан авч байгаа малчид цөөн байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ