"Оюутан цэрэг”-ийн бүртгэл ирэх сарын 10 хүртэл үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-02-23 16:22:38

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэлийн талаар Батлан хамгаалах яам,  Нийслэлийн Цэргийн штаб, Монголын оюутны холбооны төлөөлөл өнөөдөр "Хангарьд" ордонд мэдээлэл хийлээ.

БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Орон нутгийн хамгаалалт-Улсын дайчилгааны хэлтсийн дарга, хурандаа С.Ганбямба, "Хөтөлбөр хэрэгжсэнээр оюутан залуус цэргийн үүргээ биелүүлэх нөхцөл нэмэгдэж, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл болсон. Мөн их, дээд сургуулийн оюутнууд цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрт хамрагдсанаар цаашид төрийн албанд ажиллах шалгуур үзүүлэлтийг хангах болсон. Түүнчлэн залууст эх оронч үзэл төлөвшихийн зэрэгцээ эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй болж байна" хэмээн хөтөлбөрийн үр дүнг дүгнэв.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт 2390 оюутан цэргийн ерөнхий болон мэргэжлийн бэлтгэл гэсэн хоёр чиглэлээр сургалтад хамрагдсан байна.

Энэ жил Цэргийн албаны тухай хуулинд үндэслэсэн "Оюутан цэрэг" мэргэжил олгох сургалтын журмын дагуу зохион байгуулах ба Орхон, Дархан-Уул аймгийн оюутнууд бүртгүүлэх боломжтой. Журамд зааснаар биеийн тамирын сонгон шалгаруулалтанд тэнцсэн 1000 оюутан хоёр багц цагийн 76 мянган төгрөг төлөөд эхний шат буюу онолын бэлтгэл сургалтанд хамрагдана. Амжилттай суралцсан оюутан цаашид буудагч, тасгийн дарга мэргэжлээр суралцаж болох аж. 

Сургалтын бүртгэл ирэх сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд биеийн тамирын сонгон шалгаруулалт мөн сарын 22-23-нд болох юм.

Б.Гаваа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ