Сенатч асан Жим Уэбб ерөнхийлөгчийн сунгаанаас гарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-21 12:48:49

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Виржини муж улсаас Конгрессын Сенатын танхимын гишүүнээр сонгогдож байсан Жим Уэбб тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэрээ дэвшүүлэхийн төлөө өрсөлдөхөөс татгалзжээ. Тэрбээр энэ тухайгаа Вашингтон хотод сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна.

“Миний үзэл бодол Ардчилсан намын дийлэнх олонхын үзэл бодолтой бүрэн нийцдэггүйг би ойлгож байгаа. Ардчилсан намаас ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдөгчдийн жагсаалтаас би нэрээ татаж байгаагаа мэдэгдэж байна” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Ардчилсан намын сонгогчдын дунд Уэббийг дэмжигчдийн тоо 1-2 хувиас хэтрэхгүй байгаа юм.  Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах сунгаанд Уэббээс гадна АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Вермонт муж улсаас Сенатын гишүүнээр сонгогдсон Берни Сандерс, Мэрилэнд муж улсын захирагч асан Мартин О'Мэлли, Род-Айленд муж улсаас Сенатын танхимд сонгогдож байсан Линкольн Чэфи нар оролцож байгаа юм.

Ерөнхийлөгчийн сунгаанд оролцох боломжтой гэж улс төрийн тоймчдын үзэж байгаа АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Жо Байден ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөх эсэхээ хараахан мэдэгдээгүй байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ