Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа өнөөдрөөс эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-03-31 13:16:17

Дундговь/МОНЦАМЭ/ Хөдөлмөр нийгмийн хамгаалалын  сайдын тушаалаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг орон даяар явуулахаар болсон. Энэ судалгаа өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн судалгаанд Дундговь аймгийн 8700 гаруй өрх хамрагдана.

 Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг орлогыг орлуулан тооцох аргаар  2013 онд явуулсан. Энэ судалгааг гурван жил тутамд явуулах бөгөөд ээлжит  судалгаа нь энэ юм. Дундговь аймгийн хувьд 15 сумын 8768 өрх судалгаанд хамрагдахаар жагсаалт гарсан байна. Судалгааны 19 багт 49 тоологч ажиллана. Мөн 30 жолооч, 66 хөтөч, мэдээллийг цахимд бичиж байршуулах 7 хүн ажиллахаар бэлтгэгджээ.

2013 онд Дундговь аймгийн 10 мянга 483 өрх амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдаж байсан. Энэ удаад нийт өрхийн 40 гаруй хувь буюу 18 нас хүрээгүй хүүхэдтэй өрхүүдийг ийнхүү хамруулах юм байна.

Судалгааны гол зорилго нь Өрхийн амьжиргааны түвшинг шууд илэрхийлэх, орлогын талаархи мэдээлэл, аргачлал байхгүй үед үүнийг орлохуйц үзүүлэлтүүдийг ашиглан өрхийн амьжиргааны түвшний үнэлэгээг хийж, түүний үр дүнг үндэслэн төрөөс үзүүлэх  нийгмийн тусламж, үйлчилгээнд хамруулах зорилтот бүлгийг сонгоход чиглэж байгаа юм. Мөн судалгааны дүнд  өрхийн мэдээллийн нэгдсэн санг шинэчлэгдэнэ. Ингэснээр мэдээллийн санг нийгмийнбусад салбаруудад нэгэн зэрэг ашиглах боломж бүрдэх ажээ.

Т. Отгонтуяа 

Холбоотой мэдээ