2016 оны шилдэг уран бүтээлчид тодров
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын соёл, урлагийн салбарын оны шилдгүүдийг тодруулдаг "Мөнгөн мод" ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа энэ сарын 07-нд ёслол төгөлдөр болж, шилдгүүдээ тодруулав.
Энэ жил тайз, дэлгэцийн шилдэг найруулагч, зураач, жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэсэн номинацид соёл, урлагийн 17 байгууллагын 25 шилдэг уран бүтээлч нэр дэвшин өрсөлдсөн юм.
2016 оны “Шилдэг хөгжимчин”-өөр ХБК-ийн багш МУСТА Ч.Мөнх-Эрдэнэ, “Шилдэг дуучин”-аар “Серж Меценат” сангийн дуучин Э.Анхбаяр, “Тайз, дэлгэцийн шилдэг жүжигчин”-ээр Улсын Хүүхэлдэйн театрын жүжигчин Ц.Цэрэндорж, “Шилдэг бүжигчин”-ээр УДБЭТ-ын гоцлол бүжигчин МУСТА О.Анужин, “Биет бус өвийг өвлөн уламжлагч билиг авьяастан”-аар МУСТА М.Ариунтөгс, “Тайз дэлгэцийн шилдэг найруулагч”-аар “Бүү март” түүхэн уран сайхны киноны найруулагчаар ажилласан найруулагч А.Мөнхсүх, УДБЭТ-ын хувцасны зураач Г.Оюун нар тус тус тодорч “Мөнгөн мод” цом, гурван сая төгрөг гардав.
Тус үйл ажиллагааг Монголын шилдэг уран бүтээлчдийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах, уран бүтээлийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, алдаршуулах зорилгоор ес дэх удаагаа зохион байгуулсан юм.
Ж.Болор