Арилжааны банкуудын авдаг шимтгэлийн дээд хэмжээг Монголбанк тогтооно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-04-18 14:50:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Дээрх хуулийн төслүүдийг Засгийн газар өнгөрсөн оны 12 дугаар сард Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн юм.

“Эдийн засгийг сэргээх тухай” УИХ-ын тогтоолоор төлбөр тооцооны дэд бүтцийг сайжруулах, төлбөрийн системийн үр ашигтай, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг боловсруулахыг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгосон байна. Одоо хэрэгжиж буй үндэсний төлбөр тооцооны тухай хууль, тогтоолын дагуу төв банкны эрх зүйн байдлыг бүрэн тодорхойлоогүй, цахим системийн аюулгүй байдлыг бүрэн зохицуулаагүй байгаа юм. Тиймээс төлбөрийн системийн үр ашигтай, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зайлшгүй шаардлагын үүднээс Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн хэрэгжилтийг хангах, зөрчсөн тохиолдол хариуцлага хүлээлгэх заалтуудыг Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлтээр оруулж буй юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хороон дарга Ш.Раднаасэд хуулийн төсөлд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх заалт орсон эсэхийг тодруулсан. Ажлын хэсгээс, “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг тусгайлсан хуулиар зохицуулдаг. Хуулийн давхардуулаас сэргийлэхийн тулд энэ хуульд оруулагүй” гэсэн хариулт өглөө.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, “Иргэд бэлэн мөнгөний машинаас мөнгө авахад Арилжааны банкууд шимтгэл авдаг. Монголбанк шимтгэл авахад хяналт тавьдаг уу. Шимтгэлийн хэмжээг тогтоох тухай заалт орсон уу” хэмээн тодрууллаа. Одоогийн хуулийн хүрээнд арилжааны банкууд зах зээлийн зарчмаар шимтгэлийн хэмжээгээ тогтоож байгааг Ажлын хэсгээс хэлээд, “Хуулийн төсөлд Монголбанк тусгайлсан журам гаргаж арилжааны банкуудын шимтгэлийн дээд хэмжээг тогтоохоор тусгасан. Хууль батлагдсаны дараа шимтгэлийн хэмжээ тодорхой болно” хэмээв.

Ийнхүү байнгын хоро санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ