Аймгийн Засаг дарга Д.Галсандондог орон нутгийн сэтгүүлчидтэй уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-05-03 10:07:31
Ховд/МОНЦАМЭ/ Жил бүрийн 05 сарын 03-ний өдрийг Дэлхийн сэтгүүлчдийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр  бол нийт сэтгүүлчдийн баяр гэхээс  илүү “Олон нийтийн мэдэх эрх”-ийн  өдөр юм.  Энэхүү өдрийг тохиолдуулан өнөөдөр Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд нар орон нутгийн бүх хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг ЗДТГ-ын  Ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзлаа.
Уулзалтанд  Орон нутгийн  4 телевиз,  2 сонины  20 гаруй сэтгүүлчид оролцсон юм.
Уулзалтыг МСНЭ-ийн Ховд аймаг дахь салбарын  тэргүүн А.Бямбасүрэн нээж, хэлэхдээ  “... Бидний  энэ жилийн уриа бол Дэлхий нийтээрээ нийгмийн хөгжил дэвшлийн төлөө, Амар тайван амьдралын төлөө  сэтгүүлчид мэдээ, мэдээллийг хариуцлагатайгаар бодитоор олон нийтэд хүргэж,  мэргэжлийн  ур  чадвараа илүү дайчлан ажиллах жил болгон зарласан” гэдгийг онцоллоо. Мөн сэтгүүлчийн бүтээл нь үнэн бодитой, тэнцвэртэй, баттай эх сурвалжаас авсан гэдгээрээ ялгарч байдаг. Тиймээс манай сэтгүүлчдийн бичсэн мэдээ, нийтлэл, ярилцлага нь  сошиал ертөнцийн мэдээллээс ялгарахаар ур чадварын өндөр  түвшинд  байх ёстой  гэдэг шаардлагыг орон нутгийнхаа сэтгүүлчдэд уламжлан  хэллээ.
Уулзалтын үеэр  аймгийн Засаг дарга Д.Галсандондог “Орон нутгийн  хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг бүх талаар дэмжин, хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллана” гэдгээ хэлээд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэх гарц, боломжуудын  талаар  сэтгүүлчидтэй чөлөөтэй  яриа өрнүүлж санал хүсэлтийг нь сонссон юм.
Мөн энэ үеэр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ховд салбарын тодорхойлолтоор аймгийнхаа ард иргэдийн дуу хоолой болж, хөгжил дэвшилд үнэтэй  хувь нэмэр оруулж, мэргэжлийн ур чадвараа дайчлан ажиллаж байгаа нэр бүхий залуу сэтгүүлчдийг аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнасан юм. Тодруулбал, Ховд  телевизийн  сурвалжлагч Н.Таванцэцэг Ховд аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр, Жаргалант  телевизийн зураглаач О.Баярхишиг аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр, Эко телевизийн захирал О.Даваажав  аймгийн  Засаг даргын “Өргөмжлөл”-өөр тус тус шагнагдлаа. 
                                                                                                                                                                  А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ