Баян-Өлгийд хаврын тариалалт 40 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2017-05-24 13:45:40
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хаврын тариалалтын бэлтгэл ажил хангагдаж, сумдад тариалалтын ажил 40 хувьтай явагдаж байна. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээллээр энэ жил тус аймагт 1053,3 га газарт тариалалт хийгдэхээс 305 га-д төмс, 131 га-д хүнсний ногоо, 500 га-д малын тэжээл, 45,5 га-д үр тариа, 71,8 га-д жимс, жимсгэнэ тариална. Энэ нь өнгөрсөн 2016 онтой харьцуулахад 79,3 га-гаар илүү үзүүлэлт юм.
Тариалалтын ажил ид өрнөж байгаатай холбогдуулан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Ерболатаар ахлуулсан ажлын хэсэг аймгийн тариалангийн бүс нутгуудаар ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан байна.
Өндөр уулын эрс тэс уур амьгальтай, нийт нутгийн 95,3 хувь нь далайн түвшнээс дээш 1600-4374 метр өндөрт оршдог тус аймгийн хувьд тариалан эрхлэлт бусад аймгуудтай харьцуулахад харьцангуй бага бөгөөд голдуу Баяннуур, Алтанцөгц, Ногооннуур сумын ард иргэд газар тариалан эрхэлдэг юм. Мөн сүүлийн үед “Дэлхийн зөн”, “Адра Монгол” зэрэг олон улсын байгууллагуудын дэмжлэгээр аймгийн төвийн иргэд хүнсний ногоо тариалж эхэлж байна.
Баян-Өлгий аймгийн тариачид 2016 онд 2756,4 тн төмс, 1118,4 тн хүнсний ногоо хураан авч аймгийн ард иргэдийн төмсний хэрэгцээний 61 хувь, хүнсний ногооны хэрэгцээний 28 хувийг дотооддоо хангасан бөгөөд 2017 онд энэ амжилтаа улам ахиулах зорилт тавин ажиллаж байна.
Ө.Нурболат
 
Холбоотой мэдээ