Йеменд 6318 жирийн иргэний амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-29 12:48:17

КАИР. /Sputnik/. Саудын Араб тэргүүтэй эвслийн Йеменд өгч буй агаарын цохилтод өртөж амь үрэгдсэн жирийн ард иргэдийн тоо 6318 хүрлээ хэмээн тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ.

Эвслийн ажиллагаа эхэлснээс хойш 1000 гаруй хүүхэд амь үрэгдсэн хэмээн Эрүүл мэндийн яамны төлөөлөгч Тамим Шами  мэдээлсэн байна.

109 эмнэлэг, 229 эрүүл мэндийн төв, 56 түргэн тусламжийн газар бөмбөгдөлтөд өртөхөд 6318 жирийн иргэн амиа алдсаны дотор 1241 хүүхэд, 1028 эмэгтэй байна.

Мөргөлдөөн эхэлснээс хойш 15 мянган жирийн иргэн шархадсан бөгөөд Йемений нийслэл Сана хотод хохирогчид хамгийн олон байна.

Йемений Засгийн газар, улс төрийн сөрөг, зэвсэгт бүлэглэл Хутигийн хооронд цэргийн мөргөлдөөн эхэлснээс хойш нэг жил өнгөрөөд байна. Йемений  огцорсон Ерөнхийлөгч Абд Мансур Хади Раббухын хүсэлтээр гуравдугаар сараас хойш Хути бүлэглэлд агаарын цохилт өгөх ажиллагааг Саудын Араб тэргүүтэй эвсэл эхэлсэн билээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ