Чигч шударга, чин сэтгэлтэй эгэл даруу гуталчин

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-29 20:31:00
Хэнтий /МОНЦАМЭ/. Өөдөө дээшээ заяатай Өмнөдэлгэр нутгийн унаган хүү Дашдоржийн Батчулуун хэмээх эгэл даруу гуталчныг Хан Хэнтийчүүд андахгүй. Өнөөгийн цахим ертөнц хөгжсөн үед түүний хийсэн гутлыг захиалан өмсдөг хэрэглэгчид Хан Хэнтийгээс нь халиад хилийн чанадад ч бий болжээ.
***
Батчулуун бол Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Чандаган багийн нутаг Зотлогийн Хэдмэг гэдэг газарт малчин ард Дашдоржийн ам бүлд 1961 онд төрсөн. Тэрбээр хөдөөний хөрслөг бор банди нарын нэгэн адил морин дэл дээр дэрвэж өссөн хоёр ах, гурван эгч, нэг эрэгтэй дүүтэй хүн. Батчулуун 1970 онд сумынхаа дунд сургуульд орж суралцаад 1978 онд 8-р ангиа дүүргэж, сумын Хашаа худгийн бригадад мужаанаар ажиллаж жил болоод 1979 онд Ардын армид алба хаахаар мордсон байна. Тэр Дорноговь аймгийн Сүлинхээрийн отрядад хилийн манааны ахлагч, бага түрүүч цолтойгоор 3 жил хил манаж албаа хааж дуусгаад 1982 онд нутагтаа ирж, аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад мужаанаар хэсэгхэн ажиллажээ. Батчулууны аав ээж насаараа нэгдлийн мал хариулж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан хойноо хэдэн хүүхдээ бараадан аймгийн төвд ирээд аав нь Худалдаа бэлтгэлийн трестэд манаачаар ажиллаж байв. Батчулууны том ах Гомбожав аймгийн Эмийн санд манаач, удаах эгч Оюунцэцэг сумандаа баг бригадын бага эмч, ах Баяраа нэгдлийн тракторчин, эгч Чимгээ нь аймгийн Гурилын үйлдвэр, ус цаг уурын байгууллагад, эгч Тунгалаг нь аймгийн Боловсрол төвийн нягтлан бодогчоор олон жил ажиллажээ. Дүү Баттөгс нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг ийм л эгэл жирийн ажилсаг гэр бүл юм.

            Батчулууны ерөөлөөр учирсан хань Батсүхийн Пүрэвжав нь Чингис богдын анд Боорчийн нутгийн бүсгүй агаад 1980 онд Өндөрхааны 10 жилийн дунд сургууль төгсөн ангийн охидын хамт Ахуйн үйлчилгээний комбинатад илгээлтээр оёдолчин болсон юм. Нэг ангийн 20 гаруй шижигнэсэн охид тэр том айлын эгнээнд ийнхүү бүл нэмж ажиллаж байгааг тэр үед Яам тамгын газраас ч ихэд дэмжин урамшуулж илгээлтийн эзэн охидыг 1981 онд Улаанбаатар хотын Дуган хадны амралтад амрааж байжээ. Батчулуун Пүрэвжав хоёр нэгэн удаагийн намрын ажлын үеэр дотносон танилцаж 1983 онд гэрлэж, дараа жил нь анхны үрийнхээ зулайг үнэрлэж баяссан хоёр. Хоёр жилийн дараа жил дараалан хоёр хүү нь хорвоод мэндэлж, одоо Батчулууных гэдэг өнөр гэр бүл 14 гишүүнтэй болсон байна.

Батчулуун ажлын анхны гараагаа Ахуйн үйлчилгээний комбинатад мужаанаар эхэлснээ удалгүй Ардын Их Хурлын депутат гуталчин Ж.Жавзандолгор гуайд хүсэлт тавьснаар түүнийг “Өвөрмонгол Дэмчиг” хэмээх гуталчны шавь болгосон гэдэг.
Багш нь түүнд 3 хоног гутлын өөллөгөө хийх, тах хадах, цагаан ултай гутлын өсгий яаж хадахыг анх дагалдуулан зааж өгөөд амралтаа аваад явчихжээ. Ажилчин хүн багажгүй бол юу ч хийж чадахгүй, сайн багажтай байх ёстой гээд эхлээд гутлын ул өөлөх хутга ирлэх ажилд сургажээ.

Ирлэж ирлэж багшдаа аваад очиход нэг хараад л шидчихэж гэнэ. Дахиад л нямбай гэгч нь ирлэж ирлэж зүлгээд өгтөл бас л шидчихэж. Ингэж л анх гутлын өөллөгөөний хутгаа ирлэж сурчээ. Тэр үед ирлэж бэлтгэж байсан хутгануудаа одоо ч хэрэглэж байна. Гутал уллаж оёх шөвгөө хүртэл өөрсдөө хийнэ. Дугар гэдэг ахмад гуталчин гутлын багаж хэрэгсэл хийхдээ тун гаргууд хүн байж. Ийм л мундаг гуталчдын гараар орсон хүн ажил сурахаас яахав. Гутлыг хийсэн шиг хийж сурчээ. Мөн байгууллагын захиргаанаас залуу ажилчдаа гоёлын гутал хийх сургалтад явуулахад Батчулуун багтаж явж гоёлын гутал хийж сурсан байна.

Хос залуусын ажил амьдрал жинхэнэ буцалж бургилж байтал 1991 онд өмч хувьчлал эхэлж үйлдвэр нь тарав. Сурсан юмыг сураар боож болохгүйн үлгэрээр манай хоёр ч гутлынхаа хэдэн хутга шөвгөө хувьчилж аваад зах зээл рүү оржээ. Анх “Мөнх” нэртэй ХЭАА байгуулж шинээр гутал урлаж, бас ханзарсан урагдсан хуучин гутал засч сэлбэх үйлчилгээ эрхэлсээр 15 жилийн дараа “Мөнх итгэл” бүл байгуулан ажиллах хүчнээ ч, ажлын цар хүрээгээ ч нэмэгдүүлсэн байна. Үүнээс хойш 7 жилийн дараа “Мянган мөөжгий” хэмээх өхөөрдөм нэртэй компани болж өргөжжээ. Тэд энэ хугацаанд биеэ даасан ажлын байртай болохоор зориг шулуудан гэр хороолол дунд бэлэн байшин худалдаж авч нэлээд хөрөнгө зарцуулан байж тохижуулж аваад ажлын байртай болов. Гутлын цехийнхээ хажууд нэг өрөөнд нь хүнсний болон бэлэн бүтээгдэхүүнийхээ дэлгүүрийг нээв. Гэтэл зах зээлийн хууль хатуу, дээрээс нь улс оронд нүүрлэсэн эдийн засгийн хямрал тэдний жижигхэн цехийг ч дайрав.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд хэрэглэгчдийнх нь худалдан авах чадвар шалдаа хүртэл унаж, шинэ гутлын борлуулалт эрс муудаж, хуучин гутлаа сэлбүүлэх нь ихэсчээ. Бараг л засвар авахгүй болтол нь элээсэн гутлуудаас эх орны эдийн засгийн байдал харагдах шиг.
Нэг ёсондоо ихэнх хүмүүс хэмнэлтийн горимд аяндаа ингэж оржээ. Сэтгүүлч намайг очиход Батчулуун нэг лакан шаахайны өсгий янзалж, Пүрэвжав хуучин гутлын цахилгаан товч сольж оёод сууцгааж байв. Хятад лакан шаахайны өсгийний салбархай нүхнүүдэд резин хайчилж хийн битүүлээд ямар ч байсан эзнээ даахтай болгож өсгий хадаад тэр дор нь цэмцгэр болгочихлоо. Дахин ийм лакан гутал байна. Бас монгол хийцийнх ч хар бор ажилд эзэнтэйгээ хамт ихэд зүтгэсэн бололтой махийж умайсан бавгар халтар гутал түүний дэргэд хэвтэж байна. “Энэ банхар засал авах уу” гэж асуувал шинээр ул татчихаар толийгоод л ирнэ дээ гээд Батчулуун инээж байлаа. Нээрээ л монгол хийцийн гутал эдэлгээ урттай байх нь. Ингэж засуулахаар ээлжээ хүлээсэн гутал их, манай хоёр ч чөлөө завгүй хөдлөх юм. Засаад гаргасан дор нь эзэд нь аваад гарах аж. Тэд хэлэхдээ, хүнд худалч болж болохгүй, хийвэл хийсэн шиг, засвал зассан шиг засаад өгөхийг л боддог. Түүнээс биш нүд хуурсан юм хийвэл нэг хэрэглэгч үйлчлүүлэгчээ л цааш түлхсэн хэрэг болно гэсэн. Үйлчлүүлэгчид нь хүлээх зуураа бараг л ах дүү шиг нь зовлон жаргалаа ч ярьчих юм аа. Тийм л их элгэмсэг. Ийм л завгүй хоёртой ярилцаж байхад тэд гараараа ажлаа хийгээд, амаараа ажил амьдралаа яриад л хэн хэн нь ажлаа амжуулсан даа. Батчулууны эхнэр Пүүжээ галав шалав хийсэн хөдөлгөөнтэй ч гараас юм гарахдаа удаан болж байна, нас явж байгаагийнх юм уу гэнэ. Өөрсдийнх нь үеийн хүмүүс тавь гарчихаад их л завтай харагддаг ажээ. Төвд лангуун дээр удсан гуталнуудыг нэг ажилчин нь аваад хөдөө явсан гэнэ.
60, 70-аад оны гуталчин 2 хөгшин ирээд ажиллаж байна. Гутлаа хийж сурсан хөгшчүүлтэйгээ ажиллахад урамтай, найдвартай байдаг гэнэ. Хэдийгээр настай хүмүүс ч сурсан ажлаа шаламгай хийх юм.
Пүрэвжав архины зовлон гээчийг үзээгүй мэдрээгүй азтай гэргий. Дөлгөөн түвшин зантай хань нь түүнд ийм зовлон үзүүлсэнгүй. Тэрбээр нөхрийнхөө тухай, “Миний хань залуугийн л нүд хөмсөг болсон сайхан хүн. Маш их халамжтай, над уурлаад нэг удаа ч загнаж зандарч байгаагүй. Хүүхдүүдээ мөн адил загнадаггүй, залуудаа зав гарвал хүүхдүүдтэйгээ их тоглодог, дагуулаад ажилд сургадаг, хүнийг хүндэлж, үг сонсч сургасан. Тэр ч байтугай хүүхдүүдээ малд элэгтэй болгож хүмүүжүүлсэн хүн дээ. Хүүхдүүдээ хөгжүүлэхэд их анхаардаг, багш нартай нь их холбоотой байдаг байлаа. Хөгжим, дугуй гээд хүүхдүүдийнхээ хүссэн бүрийг авч өгдөгсөн. Нэг удаа том хүү минь нум сум харваж суръя. Голын нойтон бургас хэрэгтэй гэнэ гэж ирэхэд нь л  тэр хүслийг нь биелүүлж чадаагүй юм. Голын нойтон бургас огтолно гэдэг яавч төсөөлшгүй санагдаад хүүгээ нум сумнаас хөндийрүүлсэн гэсэн. Тэд голын усанд орж хир хур угаахыг ч тэвчдэггүй. Хэрлэн хэмээх тунгалаг ариун мөрнөөсөө ундаалж тэтгэгдэх ёстойгоос биш тэгж бохирдуулж хиртээх ёсгүй ажээ. Гэтэл хүмүүс бид яадаг билээ дээ. Хэрлэнгийн эрэг дүүрэн дүүрэн хогтой, голын бургасны ёроол дүүрэн дүүрэн нойлын цаастай байдаг. Ийм байхыг настангууд гурван үеэрээ гуйлгачин, долоон үеэрээ дордоно хэмээн ихэд цээрлэдэг байсан сан. Ус мөрөн, байгаль дэлхийгээ хайрлахгүй байгаагийн шийтгэл болж элдэв өвчин зовлон ихэсчээ. Энэ байдлыг Батчулуун Пүрэвжав хоёр хүүхдүүддээ болон хүргэн бэрүүддээ ч хэлж сургадаг ажээ. Батчулуун хэлэхдээ, “Бид байнга л бие биенээ баярлуулахыг хичээдэг. Бид хоёрын хувьд ингээд байнга цуг байхад зөрөлдөж сөргөлдөх юм гарахгүй. Аливаа зүйлийг хоорондоо байнга зөвлөлдөж шийддэг. Ханиа баярлуулж өргөмжилж явах шиг жаргал хаа байх билээ” гэсэн юм. 
Тэр хоёр олон жил гутал хийж, тоос шороотой гуталтай “ноцолдсон” болоод тэр үү Батчулуун элэгний өөрчлөлттэй, Пүрэвжав уушиг цээж нь өвдөж ханиалгадаг болсон байна. Одоогоор бүр айхтар өвдөж зовоод байгаа юмгүй болохоор өвчнөө мартчих юм гэх ч эрдэнэт биесээ бодож эмчлүүлэх хэрэгтэй нь мэдээж.  
Хэдэн хониныхоо буянаар холын Москвад очоод ирсэн гэж малчин хүн хуучилж байсан шиг Батчулуун гэргийтэйгээ хийсэн гутлаа аваад эх орныхоо хаа сайгүй очиж байсан. Бүр цаашилбал хөрш зэргэлдээ орны Хайлаар Манжуур хотод үзэсгэлэн худалдаанд оролцон шилдэг брэнд бүтээгдэхүүний шагнал олныг хүртжээ. Тэдний тухай төв орон нутгийн хэвлэл мэдээлэлд гарсан нийтлэл мэдээ сурвалжлагыг уншаад захидал бичиж гутал захиалдаг хүмүүс ч байна. Тэр дундаас нэгэн захидлыг онцолбол, “Сайн байцгаана уу? БатчулуунПүрэвжав нар аа. Би “Засгийн газрын мэдээ” сонины 1997 оны 89 дэх дугаарт М.Равдандашийн бичсэн “Гуталчин буянтай, нүнжигтэй мэргэжил” гэсэн зураг бүхий нийтлэлээс та бүгдийн тухай уншиж сайхан сэтгэгдэл төрлөө. Юуны өмнө та хоёрын сэтгэл зөвтэй зүтгэж яваа энэ ажил хөдөлмөрт, танай гэр бүл үр хүүхдүүдэд эрүүл энх аз жаргал, амжилт бүтээл хүсч, та бүгдийн юу санасан есөн ариун цагаан хүсэл биелж явахын өлзийтэй ерөөлийг өргөн барья. Ялангуяа юманд чин сэтгэлээсээ хандаж, чанартай зүйл хийх гэж мэрийдэг чанарыг тань хүндэтгэж байна. Би настай аав ээж хоёртоо цагаан ултай гутал захиалах гэсэн юм. Хоёулаа бие муутай, хөл муутай хүмүүс байгаа юм. Урьд нь чанар муутай гутлын зовлонг нэлээд амссан учир та хоёрт хандаж байгаа юм аа. Ээжийн шилбэний тойрог 41 см, 37 размер, аавд мөн 37 размер боловч түрий нь хэвийн, би бас өөрөө цагаан ултай гутал өмсөх дуртай тул өөртөө 35,5 размерийн гутал захиалж байна. Ингээд би 3 ширхэг цагаан ултай гутал захиалъя” хэмээгээд утас, хаягаа тодорхой бичсэн байлаа. Ийм утгатай захидлууд нэлээд байна. Захидлын эздэд өгсөн хэмжээгээр нь гутал хийгээд хаягаар нь илгээжээ.
Тэр хоёрын хийсэн гутлууд цаанаа нэг өөр, нүнжигтэй харагддаг. Ялангуяа аймаг орны брэнд болж чадсан хамар түрийдээ оёдолгүй хром гутлыг одоо бүсгүйчүүд гоёлын болгоод захиалж өмсдөг болжээ.
Том хүн, хүүхдийн гутлыг бөх чанартай загвар сайтай хийнэ. Гэтэл зарим нэг дэлгүүрийн лангуун дээр зарж буй гуталнуудыг дотор гадар уллагаагүй хийсэн байх нь харагддаг. Үүнийг байж болшгүй зүйл агаад гутал хийх уламжлалт технологийг алдагдуулсан, хамгийн гол нь хэрэглэгчдээ хуурсан үйлдэл юм гэж тэд хэлж байлаа. Харин тэд хэзээ ч хуурамч юм хийдэггүй, үнэн цагаан хөдөлмөрөөрөө юманд ханддаг болохоор үйлчлүүлэгчид нь үнэнч хэвээр. Одоо “Мянган мөөжгий” компани худалдаа үйлчилгээний “Гурван эрдэнэ” төв дотор ажиллаж байна. Энэ төв тэдний ид залуу хөдөлмөрлөж байх үеийнх нь ажлын байр байсан аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатынх нь нэгээхэн хэсэг юм. Одоо тэдний ажиллаж байгаа өрөө тасалгаанд урьд нь оёдлын тасаг нь байжээ. Тус төвийн бусад өрөө тасалгаануудад үсчин, оёдолчид гээд дан ахуйн үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс ажиллаж байна. Ийнхүү тэд ажлын гараагаа эхэлсэн энэ л байрандаа төвхнөн үйлчлүүлэгчиддээ ойртжээ. Тэртээ нэгэн цагт ажил хөдөлмөр ид буцалж хөдөлмөрийн сайчууд олноор төрөн гарч байсан ажлын байран дээрээсээ тэднийхээ залгамжлал болон гуталчин Д.Батчулуун өнгөрсөн жил “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалгасанд ахуйн үйлчилгээний ахмадууд нь ихэд баярлацгаасан байна. Түүгээр зогсохгүй Хэнтий аймгийн “2016 оны алдартан”-аар тэр шалгарсан. Энэ бол түүнд үйлчлүүлэгч олон түмнийх нь өгсөн шагнал агаад түмний итгэлийг зүтгэлээр хариулсны илэрхийлэл, чигч шударга чин сэтгэлтэй явсны гавьяа буюу.
                           Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ