Ээлжит бус чуулганы хуралдааныг 24.00 цаг хүртэл сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-09-07 16:39:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Ээлжит бус чуулганы хуралдааныг нээлттэй горимд шилжүүлж, Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хуралдаанд нийт 73 гишүүн буюу 96.1 хувийн ирцтэй оролцож байна.

Чуулганы хуралдаанаар Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцсэн Шадар сайд, Ерөнхий сайд нартай холбогдох асуудлын дүгнэлтийг сонсч дууссаны дараа чуулганы хуралдаан нээлттэй горимд шилжүүлсэн юм. Хуралдааны эхэнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат намын бүлгийнхээ дүгнэлтийг танилцууллаа. Тэрбээр “Төрийн албаны 22 мянга гаруй албан хаагчийг халсан, 60 тэрбум гэх бохир системийг зохиосон нь улстөрчдийн ухамсар ямар хэмжээнд хүрсэнийг харуулж байна. Мөн эргэж буцсан олон шийдвэр гаргасан. 800 тэрбум төгрөгийн концессын гэрээ нь олон хууль тогтоомжийг зөрчсөн учраас Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна” гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүд байгаагүй бөгөөд харин 38 гишүүн үг хэлэх саналаа өглөө. Үүнтэй холбогдуулж УИХ-ын дарга М.Энхболд Ээлжит бус чуулганы хуралдааныг 24.00 цаг хүртэл сунгав. 

Үг хэлж буй гишүүдийн байр суурь хоёр хуваагдаж байгаа бөгөөд зарим нь Засгийн газрыг огцруулж, хариуцлага тооцох нь зүйтэй гэж байгаа бол зарим нь Засгийн газрыг огцруулснаар улс оронд сайнаар нөлөөлөх зүйл нэг ч байхгүй, Засгийн газрын ажлыг хийлгэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

Тухайлбал УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар хоёр сарын дараа болох Намын бага хурлаар намын шинэ дарга сонгогдож, Засгийн газрыг толгойлоод явж болно, тэр хүртэл хүлээх хэрэгтэй, асуудлыг дотооддоо хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэсэн санал хэлсэн бол УИХ-ын гишүүн О.Содбилэг "Засгийн газрыг унагааснаар нийгэм, эдийн засагт сайнаар нөлөөлөх зүйл нэг ч байхгүй. Хэрэв Засаг солигдсоноор амьдрал сайжирдаг бол 11 удаа Засгийн газраа солиход өөрчлөлт харагдах байсан" гэв.

Тэгвэл АН-ын бүлгийн гишүүд Засгийн газарт ард иргэд өөрсдөө Ерөнхийлөгчийн сонгуулиар дүн тавьсан, Засгийн газар өөрийн буруутай, алдаатай ажиллагаа, шийдвэрээс болж хариуцлага тооцуулах асуудал яригдаж байна гэж байв. Мөн Засгийн газрыг унагах асуудлыг сөрөг хүчин биш 65-ын бүлэг буюу МАН-ынхан өөрсдөө оруулж ирж байгааг дахин дахин сануулав. 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрыг огцруулахаар тавьсан үндэслэлд тайлбар хэлэхдээ "Концессыг их улстөржүүлж байна. АН-ын Засгийн газар 2.2 тэрбум төгрөгийн концессын гэрээ хийсэн байсан. Үүнийг бид засаад явахыг оролдсон. Хүүхдийн мөнгийг та бүхний баталсан хязгаарын дагуу олгосон гэдгийг хэлмээр байна. Сүүлийн 9 сарын дотор эдийн засгийн өсөлт тодорхой хувиар нэмэгдсэн. Мөн валютын ханшаа хяналтдаа оруулж чадсан.  Засгийн газрын үнэт цаасны хүүг 4,5 хувиар бууруулсан. Ингэснээр мөнгөний бодлого зөөлөрч,  зээлийн хүү буурах боломжтой болсон. Гадаад худалдаа, нүүрсний үнэ өссөн гээд олон эерэг үр дүн гарсныг хэлэх хэрэгтэй. МАН  азтайдаа нүүрсний үнэ өсөөгүй, харин нүүрсний үнийг харилцан тохиролцож өсгөсөн" гэж байлаа. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Жилийн өмнө 65 суудалтай болсон ч жилийн дараа Засгийн газартаа хариуцлага тооцохоор ярьж байна. Яагаад гэвэл энэ Засгийн газар хариуцлага алдсан. Засгийн газрыг анх байгуулахдаа намаараа хэлэлцүүлэлгүй, өөр үнэлэмжээр байгуулсан учир “зэс” нь цухуйж байна" гэсэн бол Я.Содбаатар гишүүн "Үр дүнд хүрч байвал хууль зөрчиж болно гэдэг буруу. Концесс, Хүүхдийн мөнгө хууль зөрчсөн. Хуулийн хүрээнд ажиллаж амьдрах нийгэмд бид амьдарч байна. МАН-ын 65 гишүүн дотроо хагарч, бутраагүй, харин зарим нэг гишүүд байр сууриа илэрхийлж байна гэж харж байна. Бүлэг өнөөдөр хуралдах байсан ч Үндсэн хуульд заасан хугацаа дуусч байгаа учир чадсангүй. Хэрэв хуралдсан бол 34 гишүүн Засгийн газартаа хариуцлага тооцох нь зөв гэж үзэж байгаа учир бүлгийн байр суурь болох байсан. Энэ Засгийн газрын хийсэн ажилд сайн зүйл бий. Гэхдээ бурууд хатуу байх хэрэгтэй" гэсэн байр суурь хэлж байв.

Энэ мэт гишүүд үргэлжлүүлэн санал хэлж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Наранхүү, Д.Тэрбишдагва нараас бусад нь бүгд хуралдаанд оролцож байна. 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ