Сөүл өдөөн хатгалгаас үл хамааран Умард Солонгост хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Ёнхап/. Улс төрийн нөхцөл байдлаас үл хамааран Умард Солонгост хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаагаа Өмнөд Солонгосын Засгийн газрын албаны хүн Пхеньян өнөө өглөө пуужин харваснаас хэдхэн цагийн дараа мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжиллаа.
НҮБ-ын харьяа байгууллагуудаар дамжуулан Умард Солонгост 8 сая ам.долларын тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаагаа Сөүл мэдэгдсэнээс нэг хоногийн дараа буюу өнөө өглөө Умард Солонгос нийслэл Пхеньян хотоосоо холгүй орших газраас Японы газар нутгийг давуулан Номхон далай руу баллистик пуужин харвасан юм.
Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны хэвлэлийн төлөөлөгч И Ю Жинь мэдэгдэхдээ “Улс төрийн нөхцөл байдлаас үл хамааран Умард Солонгосын нялх нярай хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хэрэгтэй гэсэн үндсэн байр сууриа Засгийн газар хадгалсан хэвээр байна” гэжээ.
Умард Солонгост тусламж үзүүлэх төлөвлөгөөг батлах эсэхийг Өмнөд Солонгосын Засгийн газар ирэх долоо хоногийн пүрэв гарагт эцэслэн шийдвэрлэх аж. 2015 оны 12 дугаар сараас хойш Сөүл Умард Солонгост тусламж үзүүлээгүй байгаа юм.
Г.Доржханд