Улаангомд Ус хэрэглэгчдийн холбооныхон гишүүдээ чадавхижуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-11-09 12:47:10

Өнөөдөр Увс аймгийн төв Улаангомд Увс нуур-Тэсийн голын Сав газрын II зөвлөгөөний хүрээнд “Ус хэрэглэгчдийн холбоо” Төрийн бус байгууллагын гишүүдийг чадавхижуулах сургалт Орон нутгийн удирдлагын ордонд боллоо.

Энэ зөвлөгөөн болон сургалтыг Увс нуур-Тэсийн голын Сав газрын захиргаа, НҮБХХ-ийн “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төсөл, Увс аймгийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулж байгаа юм.

Өнөөдрийн сургалтанд Наранбулаг, Тариалан, Улаангом сумын Ус хэрэглэгчдийн холбоо /УХХ/-ны Удирдах зөвлөлийн гишүүд, иргэдийн төлөөлөл, дээрх сумдын ЗДТГ-ын төлөөлөл, аймгийн ЗДТГ, Увс нуур-Тэс голын СГЗ /УНТГСГЗ/-ын болон төслийн төлөөлөл зэрэг 70 шахам хүн оролцож байна. Сургалтыг Увс аймгийн БОАЖГ-ын дарга Б.Ганболд нээж, “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн үндэсний зөвлөх Ш.Баранчулуун, мэргэжилтэн Ж.Сумъяасүрэн, Увс аймгийн УХХ-ны тэргүүн Ч.Эрдэнэбаатар, УНТГСГЗ-ны дарга Д.Тогтохбаяр нар оролцогчдод сургалт явуулж, хэлэлцүүлэг өрнүүлж санал бодлоо солилцож, санал, зөвлөмж гаргаж хэрэгжүүлэх юм.

Сургалтаар хамтын оролцоотой усны менежментийн зарчим ба үндэслэл, Ус хэрэглэгчдийн холбоог байгуулж, ажиллуулах зарчим, дотоод үйл ажиллагаа, ус ашиглалтын ажлын дэвтрийг хөтлөх зааварчилгаа зэрэг олон сэдвээр мэдээлэл, зааварчилгаа өглөө. Мөн энэ үеэр усны хэмнэх технологийн чиглэлээр МОН/12/301 төслийн хүрээнд хийгдсэн зарим ажлын үр дүнгээс танилцууллаа.

Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын хэмжээнд 54 мянган га-д усалгаатай газар тариалан эрхэлж байгаа судалгаа байдаг. Энд10 мянга гаруй тариаланч газар тариалан, жимс, хүнсний ногооны аж ахуй эрхлэх үйл ажиллагаа явуулж байна. Манай улсын баруун болон өмнөд /Увс, Ховд, Говь-Алтай, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь зэрэг/ нутагт усалгаатай газар тариалан эрхлэх байгаль, уур амьсгалын зайлшгүй эрэлт хэрэгцээ хамгийн өндөр байдаг. Иймд энэ бүс нутагт орон нутгийн иргэдийн санаачлагатай “Ус хэрэглэгчдийн холбоо” байгуулж усыг зохистой, хүртээмжтэй, хяналттай, хэмнэлттэй, үр ашигтай ашиглах нь тулгамдсан асуудал болоод байгаа юм.

Увс аймгийн Улаангом сумаас Д.Өлзий 

Холбоотой мэдээ