Эдийн засгийн бодит өсөлт саарч, төсвийн хүндрэл үргэлжилнэ гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-11-10 14:38:55

Эдийн засгийн бодит өсөлт 2015-2016 онд саарах төлөвтэй бөгөөд төсвийн хүндрэл үргэлжлэхээр байна хэмээн Дэлхийн банкнаас мэдэгдлээ.

Тус банкнаас жилд 2 удаа гаргадаг Монголын эдийн засгийн тойм тайланд уул, уурхайн салбарын өсөлт саарах эрсдэлтэй байгаа нь 2015-2016 онд эдийн засгийн өсөлтөд  дарамт учруулна хэмээн дүгнэжээ.

2016 онд  Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотой гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэж, эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлнэ хэмээн тоймд дурдлаа. Дээрх онуудад төсвийн орлого аажимдаа сэргэх  ч  хүндрэл үргэлжлэхээр байгаа бөгөөд орлогын бодит төсөөлөл нь төсвийн төлөвлөлтөд итгэх итгэлийг бэхжүүлнэ гэж Дэлхийн банк дүгнэж байна.

Түүнчлэн  Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ жилийн өсөлт 2.3 хувьд хүрэх хүлээлт бий гэж тус банкнаас төсөөлжээ. Улмаар гадаад секторын эрсдлийг бууруулахын тулд төсвийн нэгдмэл байдлыг хангаж, мөнгөний бодлогыг оновчтой хэрэгжүүлэх, гадны хөрөнгө оруулалтыг сэргээх шаардлагатайг тодотголоо. 

Төсөвт хүндрэл үүсч, өрхийн бодит орлого  бага байгаагаас хэрэглээ сул байна.

Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны төлөв өөдрөг хэвээр ч эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэр алдагдсан, 2017 онд гадаад зээл эргэн төлнө. Тиймээс үүний эсрэг бодлогын орон зай хязгаарлагдмал байгаагаас эдийн засаг богино хугацаанд томоохон хүндрэлүүдтэй тулгарна гэж тайланд тусгажээ. Түүхий эдийн гадаад зах зээл дэх таагүй хандлага үргэлжлэх, худалдааны түнш орнуудад эдийн засгийн өсөлт саарах эрсдэлтэй энэ үед Монголын Засгийн газар бодлогын шинэчлэлээ үргэлжлүүлэх шаардлагатайг  анхааруулав.

Энэ тухай Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч  Жеймс Андерсон ярихдаа, “Сүүлийн нэг жилд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын тохиргоонууд эдийн засгийн дархлааг сайжруулах, төлбөрийн тэнцлийн эрсдлийг бууруулахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээ байв. Түүнчлэн түүхий эдийн үнийн бууралт болон бусад эрсдлүүдээс үүдэн цаашид илүү хүчин чармайлт гаргах шаардлага бий болж байна. Бодлогын тохиргоонд итгэх итгэлийг хангах нь эдийн засагт амжилттай тохиргоо хийхэд  чухал байдаг. Бодлогын тохиргоогоо тууштай хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой хадгалах нь болзошгүй эрсдлийн эсрэг  хүртээмжтэй өсөлтийг бий болгох суурь нөхцлийг бүрдүүлнэ” гэв.

Инфляци 9 дүгээр сарын эцэст 4.9 хувьд хүрч буурав

Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн өсөлт удааширсан, дотоод эрэлт саарч буй нь урсгал тэнцлийн алдагдал буурах, инфляцийн түвшин тогтворжиход хүчтэй нөлөөлсөнийг тодотгов. Урсгал тэнцлийн алдагдал өмнөх оны эцсийн 11.7 хувиас буурч, 2015 оны эцэст ДНБ-ийн 5 хувь болох төлөвтэй байна.

Монгол Улс гадаад секторын эрсдлийг бууруулахад чиглэсэн бодлогын тохиргоогоо цаашид үргэлжлүүлэх шаардлагатай гэдгийг Дэлхийн банк сануулж байна. Тодруулбал Төвбанкнаас хэрэгжүүлж буй зарим төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг зогсоож, тэдгээрийг Засгийн газарт шилжүүлэх, банкны системийн болзошгүй эрсдэлд бэлэн байх, чадварыг улам сайжруулах шаардлагатай хэмээн зөвлөлөө. Мөн эдийн засгийн идэвхжил саарсан нөхцөлд нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг зорилтот бүлэгт илүү оновчтой чиглүүлснээр нийгмийн халамжийг сайжруулна гэж үзжээ. 

 Б.Заяа

Холбоотой мэдээ