МУИС 700 гаруй оюутан хүлээн авах хүчин чадал бүхий номын сантай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-10-05 17:10:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС дэлхийн жишигт нийцсэн  шинэ номын сангаа өнөөдөр нээлээ.
75 жилийн түүхтэй тус номын сан энэ хичээлийн жилд орчин үеийн дизайны шийдэл бүхий ая тухтай орчин бүрдүүлсэн, дэлхийн жишигт нийцсэн, Монголын дээд боловсролын салбарын номын сангийн нүүр царай болохуйц эрдэм шинжилгээ, сургалт судалгааны түшиц номын сан-мэдээллийн төв ийнхүү үүдээ нээв.
МУИС-ийн нэг, хоёрдугаар байрны голд сүндэрлэсэн эрдэм номын шинэ өргөө болох зургаан давхар шинэ номын сангийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар нар оролцож үг хэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ, “Би Монгол Улсын Ерөнхийлөгч болохдоо нэг сайхан номын сан байгуулж нээх юмсан гэж бодож байлаа. Тэгвэл өнөөдөр МУИС 75 жилийн ойгоороо ийм сайхан номын сан нээж байгаад би их баяртай байна. Бид  гаднынхны хийсэн зураг төслөөр ажил хийж, ийм болох юмсан гэж боддог байсан үе саяхан. Тэгвэл МУИС-ийн шинэ номын сангийн интерьер дизайнаас эхлээд барилга байгууламж, тавилга, бүх зүйлийг Монголын компаниуд хийсэн тухай танилцуулж байгаа нь бахархалтай байна. “Ном бол ертөнцийг харах цонх” гэж биднийг бага байхад сургасан. Одоо ч сургадаг. Цаашид ч сурна.
1942 онд, дэлхийн II дайны тэр хүнд үед 100 гаруйхан номтой нээж байсан МУИС-ийн номын сан өнөөдөр 400 гаруй мянган номтой, стандартад нийцсэн том номын сан болж өргөжсөнд бид баярлаж бахархахгүй байхын аргагүй юм. Энэ жишгээр МУИС-иас салбарлаж гарсан олон сайхан их, дээд сургуулиуд, аймгууд стандартад нийцсэн ийм номын сантай болох болтугай гэж ерөөе” гэлээ.



Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МУИС-ийн бэлгэ тэмдэг болсон хөшөөний нээлтэд оролцож, шинэ номын сангийн уншлагын танхим, музей, цахимаар ном захиалах өрөө, “МУИС брэнд” дэлгүүр зэргийг үзэж сонирхов. Тэрбээр мөн МУИС-ийн дурсгалын дэвтэрт сэтгэгдлээ бичин үлдээсэн юм. 1957 онд нээсэн уг дэвтэрт 60 жилийн турш үе үеийн Төрийн тэргүүн, гадаад, дотоодын хүндэт зочид дурсгалын үг бичин үлдээжээ.



“Их, дээд сургуулиудын хамгийн чухал нүүр царай бол номын сан. Тус номын сангийн барилгын шавыг 2014 онд тавьж, хөрөнгө оруулалтын дийлэнхийг сургуулийнхаа нөөц бололцоогоор шийдэж 16 тэрбум төгрөгөөр босгосон”  гэдгийг сургуулийн удирдлагууд онцолж байв.
Орчин үеийн интерьер шийдэлтэй, тохь тухтай орчинд үйлчлэх боломжоор хангасан номын сангийн B1 давхарт номын фонд, архив, нэгдүгээр давхарт нэг цэгийн үйлчилгээ, гэрээр ном олгох үйлчилгээ, сонин сэтгүүлийн уншлагын танхим болон музей, номын дэлгүүр Brandshop, Coffeeshop, 2-4 давхарт уншлагын танхим, номзүй, ном бүрдүүлэлт, каталогийн өрөө, лекцийн танхим, 5-6 давхарт МУИС-ийн судалгааны лабораториуд, хурлын танхим байрлажээ. Танхим бүрийн тохижилт өөр өөр загвар, өвөрмөц хэв маягтай бөгөөд Байгалийн болон Нийгмийн шинжлэх ухааны төрөлжсөн уншлагын танхим, багш, судлаачдын уншлагын танхим болон багаар ажиллах өрөөнүүдтэй аж.
Энэхүү номын сан 360 гаруй хэвлэмэл болон цахим ном, сонин, сэтгүүлийн сан хөмрөгтэй. 1000 орчим CD, зохиогчийн эрхтэй 20 гаруй цахим ном, 2000 орчим магистрын ажил, олон улсын 16 онлайн мэдээллийн санг ашиглах боломжтой цахим уншлагын танхимтай. Мөн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий иж бүрэн тохижилттой “Ном сэргээн засварлах лаборатори” ажиллах юм.
“Номын сан нэгэн зэрэг 700 оюутанд үйлчлэх суудалтайгаас гадна оюутнууд номоо сонгоод уншаад суух, тохь тухтай зай талбай, чөлөөт орчинг  давхруудад байгуулсан. Цаашид номын сангийн үйлчилгээг дэлхийн жишигт ойртуулахын тулд технологийн шинэчлэл хийх, бүрэн автоматжуулалтын RFID технологийг нэвтрүүлж, үйлчилгээг улам боловсронгуй болгох зорилготой” хэмээн Номын сангийн захирал, дэд профессор Г.Цэрэн ярив.

Шинэхэн номын санд 50 гаруй номын санч ажиллах аж. 

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ