Тайваний төлөөлөгчид Увсад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-10-13 14:52:32
Увс /МОНЦАМЭ/. Тайвань Монголын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дарга Хонг Хоу Минг тэргүүтэй төлөөлөгчид Увс аймагт ажиллаж байна. Тайваний зочдыг Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч уулзлаа.
Сүүлийн 3 жилийн хугацаанд Тайвань болон Увс аймаг хоорондын хамтын ажиллагаа улам бэхжсээр байгаа. Тухайлбал, аймгийн Нэгдсэн эмнэлэгт Тайваний хөрөнгө оруулалтаар Гемодиализийн аппарат, тоног төхөөрөмж суурилуулснаас гадна бизнесийн тал дээр томоохон өөрчлөлт болон ахиц гарсаар байна. Саяхан Тайваний Тай-Иен биотехнологийн компани Увс аймгийн засаг даргатай чацарганы тос болон жамц давс худалдан авах зөвшөөрлийн бичигт гарын үсэг зурсан юм. Мөн Тайваний Засгийн газрын Улаанбаатар хот дахь төлөөлөгч нь Увс аймгийг хамтран ажиллахад хамгийн найрсаг бөгөөд чухал ач холбогдолтой аймаг гэж үздэгээ илэрхийлсэн байна.
Тайвань, Монголын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дарга Хонг Хоу Мингийг дагалдан Хонг Конгын хөрөнгө оруулалттай Тайвань дахь компанийн менежер Лиү Инг Шиау, Тайваний Технологийн компаний захирал Хуанг Ши Чеэ, Швейцарийн банкны Тайвань дахь салбарын дарга Чэн Мэнг Чи нар хүрэлцэн ирсэн байна. Энэ удаад төлөөлөн ирсэн баг нь чацарганы тосыг Тайваньд борлуулахад урьдчилан бэлтгэх, жамц давсыг Тайваньд борлуулахад урьдчилан бэлтгэх, чацарганы бялууг шинээр үйлдвэрлэж эхлэх, чацарганы навчтай цайг шинээр үйлдвэрлэх, хонины махан бүтээгдэхүүнийг Тайваньд борлуулах, хүлэмжинд ногоо тарьж ургуулах, Тайваний эрүүл мэндийн яамнаас Увс аймагт хандивласан тоног төхөөрөмжийг зөөвөрлөх, Увс аймаг Монголыг төлөөлөн Тайваньд зохион байгуулагдах дэлхийн цэцгийн үзэсгэлэнд оролцох зэрэг хамтын ажиллагаагаа хамтран төлөвлөх зорилготойгоор иржээ.
Хоёр талын хамтын ажиллагаа улам бэхжиж, олон салбарт хамтарч ажиллах эхлэл тавигдана хэмээн талууд үзэж байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ