УИХ-ын дарга З.Энхболд “Монгол бахархалын өдөр”-ийн хүндэтгэлийн ёслолд оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-11-12 14:10:58

Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ойн баяр, “Монгол бахархалын өдөр” буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр өнөөдөр /2015.11.12/ тохиож байна. Түүхэн энэ өдрийн хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд оролцлоо.

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнөө болж, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, соён гэгээрүүлэгч Гомбожавын Мэнд-Ооёод нэр хүндтэй энэхүү шагналыг хүртээлээ. Дэлхийн утга зохиолын сан хөмрөгийг монгол уран зохиолоор баяжуулан, үндэснийхээ соёлыг өвлөн уламжлах, сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, улс үндэстэнийхээ өмнө байгуулсан түүний гавьяаг үнэлж, ийнхүү Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнажээ.

Зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо ийнхүү Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонгоор шагнуулсан ес дэх хүн болсон юм. Шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо нар үг хэллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ