Оюутан залуусын 30 гаруй хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-10-17 12:35:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Цөм” сургалт судалгааны төвөөс энэ сарын 21-нд Төрийн ордонд “Миний сонголт-Монголын ирээдүй” багш, сурагч, судлаачдын нэгдсэн форум зохион байгуулах гэж буй талаар сэтгүүлчдэд мэдээллээ.

Дөрөв дэх жилдээ болж буй уг форумд 800 сурагч оролцоно. Үүний 100 гаруй нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байх юм.

Тус төвийн багш Я.Батсүрэн хэлэхдээ, “Жил бүр хагас сая гаруй хүүхэд ЕБС төгсдөг. Их, дээд сургууль төгсөгчдийн 30 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй гэсэн судалгаа бий. Тэд эцэг, эхийнхээ үгийг дагах, нэр хүндтэй сургууль, биед амар, цалин өндөр хэмээн мэргэжлээ буруу сонгодог. Ингэснээр ихэнх залуус цаг хугацаа, хөрөнгө мөнгөө үр дүнгүй зарцуулах, ажилгүйдлыг нэмэгдүүлэх, улс орныхоо бүтээн байгуулалтад оролцох хувь нэмрээ алдах зэрэг асуудалтай тулгарч байна. Мөн оюутан залуусын 60 гаруй хувь нь эрх зүйч, эдийн засагч, гурван хувь нь хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийг сонгодог. Тэд мэргэжлээ биш эхлээд сургуулийг нь сонгодог. Мэргэжил буруу сонгоход улс орны эдийн засагт ч муу нөлөө үзүүлнэ. Тиймээс тэднийг мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилгоор энэ форумыг зохион байгуулж байна. Энэ жилийн форумд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг түлхүү оролцуулна” гэв.

Тус форумд дөрвөн багш, хоёр мэргэжилтэн, хоёр сурагч “Миний сонголт-Монголын ирээдүй” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэх аж. 
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ