Алтай суманд 150 хүүхдийн дотуур байр ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тус аймгийн Алтай сумын М.Кебекийн нэрэмжит бүрэн дунд сургуулийн 150 хүүхдийн багтаамжтай шинэ дотуур байр өчигдөр ашиглалтад орлоо.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан уг дотуур байрны барилгын төсөвт өртөг 1,3 тэрбум аж. Барилгын ажил 2015 онд эхэлсэн бөгөөд "Агайын" компани гүйцэтгэжээ. Мөн Бүгд Найрамдах Турк Улсын Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн удирдах газар /ТИКА/-ын санхүүжилтын 50 мянган ам. доллароор дотуур байрыг ширээ, сандал, ор, хөнжил, хөргөгч зэрэг эд хогшлоор хангажээ.
Алтай сумын бүрэн дунд сургууль нь 770 сурагчтай бөгөөд түүний 187 нь дотуур байранд амьдардаг юм.
Ө.Нурболат