“Нийгмийн үйлчилгээг-Танд” сарын аяны нээлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдын санаачлагаар аймгийн нийгмийн салбарын харъяа агентлагууд нэгдэж “Нийгмийн үйлчилгээг-Танд” сарын аяныг эхлүүлж нээлтээ хийв.
Нээлтэд аймгийн ИХТ-ын болон Засаг дарга зэрэг аймгийн удирдлагууд, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Хөгжлийн хэлтсийн харъяа Боловсрол, Соёлын газар, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир-Спортын газар, Нийгмийн Даатгалын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Нийгмийн Халамж Үйлчилгээний хэлтэс, Улаан Загалмайн хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Аймгийн хэмжээнд 3790 хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 400 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, 6200 өрх толгойлсон эх, эцэг болон 8000 гаруй ахмадуудын 16 хувь нь эмзэг бүлэгт хамаардаг. Зорилтот бүлгийн иргэн аймгийн нийт хүн амын 9,4 хувийг эзлэж байна.
Аяны хүрээнд “Зорилтот бүлэг”-ийн иргэдийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулан асаргаа сувилгааны тусламж үйлчилгээ үзүүлж боловсролын бичиг баримтыг нөхөн өгч суурь болон бүрэн дунд боловсролыг дүйцсэн хөтөлбөрөөр нөхөн олгоно.
Мөн мэргэжил олгох сургалтад хамруулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулж хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн амин дэмийг үнэ төлбөргүй тарааж дулаан хувцас олгох зэрэг ажлыг хийхээр болсныг зарлав.
Б.Норовсамбуу