"Монголизм" хэмээх нэр томъёог ашигласан Австралийн зохиолч уучлалт гуйв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-11-06 17:08:01
ЛОНДОН. /Би-Би-Си/. Шинэ номондоо Дауны синдромыг тодорхойлохдоо “монголизм” гэдэг нэр томъёог  ашигласан зохиолч эмэгтэй уучлалт гуйхын сацуу 20 мянган номоо зах зээлээс эргүүлэн татах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Австралийн тэргүүлэх биохимичдын нэг, зохиолч Либби Уивер 21 дэх хромсом хос биш 3 болж хуваагдсанаар үүсдэг удамшлын санамсаргүй гажуудал буюу Дауны синдромыг "Би юу идэх ёстой вэ?" хэмээх шинэ номондоо тодорхойлон бичихдээ “монголизм” гэдэг нэр томъёог ашигласныхаа төлөө уучлалт гуйгаад “Энэ үгийг одоо ч  анагаах ухааны салбарт ашигласан хэвээр гэж би бодож байлаа. Мөн энэ үгийг доромж утгаар ашигладаг гэдгийг ч мэдлээ. Миний энэ алдаа хэн нэгэнд таагүй сэтгэгдэл төрүүлсэн байж магадгүй юм. Намайг үнэхээр уучлаарай” гэжээ.

“Монголизм” ба “монголойд” гэдэг нэр томъёог 1960-аад оны сүүлч үе хүртэл Дауны синдромыг тодорхойлоход ашигладаг байсан юм.

Жон Лэнгдон Хэйдон Даун гэдэг Их Британийн физикч төрөлхийн ургийн гажигтай хүмүүсийг судалж, оюуны хомсдолтой энэ хүмүүсийн  өвчний оношийг тогтоож, “Дауны синдром” гэж өөрийн нэрээр нэрлэсэн түүхтэй. Ийм синдромтой хүмүүс нь монголжуу төрхтэй гэх үндэслэлээр “монголизм”, “монголойд” гэж нэрлэдэг байжээ. Харин эдгээр нэршлийг зохисгүй, монгол хүмүүсийг доромжилсон утга агуулж байна гэж Монгол Улсын төлөөлөгчид эсэргүүцлээ илэрхийлснээр 1965 онд ДЭМБ Дауны синдромыг "монголизм" гэж нэрлэхгүй байх шийдвэрийг гаргаж байжээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ