УДБЭТ-ын уран бүтээлчид БНСУ-д тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-11-16 14:40:47

УДБЭТ-ын 70 гаруй уран бүтээлч  БНСУ-ын Сөүл, Тэжон, Пусан хотод "Монголын Гала" тоглолт хийхээр болжээ. Тоглолтын талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Тус театр 2013 оноос Солонгос улсын сонгодог урлагийн төлөөлөгчид, байгууллагуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, Ази тивд уран бүтээлээ улам өргөжүүлэх зорилгоор “Солонгос-2015” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд “Монголд Солонгосын уран бүтээлчид”, “Солонгост УДБЭТ” гэсэн ажил хийхээр төлөвлөжээ.

 Өнгөрсөн тавдугаар сард Солонгосын удирдаач, найруулагч, дуучид Монголд ирж “Травиата” дуурь тоглосон юм. Найруулагч Ан Ху Вон уг дуурийг шинэчлэн найруулан тавьсан нь үзэгчдээс өндөр үнэлэлт авч 10 дугаар сард анх удаа Г.Доницеттийн “Лучиа ди Ламмермур” дуурийг манай тайзнаа найруулан тавьж УДБЭТ-ын урын санд оруулаад байна.

 Төслийн 2 дахь хэсэг “Солонгост УДБЭТ” хэмээх үйл ажиллагаа нь өнгөрсөн 10 дугаар сараас эхлэн хэрэгжиж байна.

Тус театрын симфони найрал хөгжим анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ сарын 18-наас ирэх сарын 7-ныг хүртэл 20 хоног Солонгос улсад аялан тоглох юм. Аялан тоглолтын хугацаандаа энэ сарын 26-29-нд “Лучиа Ди Ламмермур” дуурь, ирэх сарын 2-3-нд “Цөмөөхэй” балетыг Тежон хотноо тоглож, гоцлол дуучид энэ сарын 30-нд Пусан, ирэх сарын 4-нд Тежон, 6-нд Сөүл хотод Монголын дуурийн уран бүтээлчдийн “Монголын Гала” концертыг тоглоно. Тоглолтын хөтөлбөрт Монголын болон дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлүүд, дууриудын хэсгээс багтжээ.  Тус тоглолтод МУГЖ Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг, СТА Р.Доржхорол, гоцлол дуучин Ж.Бямбажав, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал нар оролцох юм.

УДБЭТ-ын симфони найрал хөгжимчид болон уран бүтээлчдийн хувьд байнгын ажлаас гадна санхүүгийн боломжоос хамаарч бүрэн бүрэлдэхүүнээр аялан тоглох нь хүндрэлтэй байдаг. Солонгосын талаас томоохон дэмжлэгтэй нийт 70 гаруй уран бүтээлч Монголын дуурь, сонгодог хөгжмийн дээжээс Солонгосын үзэгчдэд үзүүлэх цогц үйл ажиллагаа хэлбэрээр энэхүү төслийг хэрэгжүүлэх нь өргөн хүрээг хамарч, өндөр үр дүнд хүрнэ гэж итгэж буйгаа уран бүтээлчид хэлж байна.

Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд БСШУЯ, “МИАТ” ХК, Сөүл дэх Монголын ЭСЯ, Сөүл хотын захиргаа, Сөүл хот дахь УБ хотын төлөөлөгчийн газар зэрэг байгууллага дэмжин ажиллаж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ