Эрчим хүч, газар тариалан хосолсон "МОННАРАН" цахилгаан станц ашиглалтад орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-11-27 10:07:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, дэлхийн дулааралтай тэмцэх, агаарын бохирдлыг бууруулж, нүүрсний хэрэглээг халах гарц нь сэргээгдэх эрчим хүчний салбар юм. Монгол Улс ч сэргээгдэх эрчим хүчийг ашиглах чиглэлд хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ онд ашиглалтад оруулсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орших 50 мегаваттын “Цэций” салхин цахилгаан станц, Дархан-Уул аймгийн Хонгор суманд байгуулсан 10 мегаваттын нарны цахилгаан станцыг нэрлэж болох юм. Хамгийн сүүлд буюу энэ сарын 25-нд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд 10 мегаваттын хүчин чадал бүхий “МОННАРАН” нарны цахилгаан станцын бүтээн байгуулалт дуусч, ашиглалтад орлоо.



Энэхүү төсөл нь Монгол, Япон улсын хооронд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уламжлалт эрчим хүчний байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 2013 оны нэгдүгээр сард байгуулсан "Хамтарсан кредит олгох механизм /JCM/"-ийн хэлэлцээрийн хүрээнд хэрэг­жүүлж байгаа ажлын нэг нь аж. Японы Засгийн газрын дэмжлэг, "Фарм дү" компанийн 23 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан энэхүү цахилгаан станцын бүтээн байгуулалтыг “Бридж Констракшн”,  Монгол, Японы хамтарсан “Эвэридей фарм” компани 2015 онд эхлүүлсэн юм. Төслийн хүрээнд 10 мегаваттын  хүчин чадал бүхий нарны эрчим хүч үйлдвэрлэх 46 мянга 848 хавтан суурилуулж, 20 км эрчим хүч дамжуулах агаарын шугам, Эрчим хүчний Баянчандмань дэд станцын өргөтгөл, шинэчлэлийг хийсэн байна. Тус станцын үйлдвэрлэсэн эрчим хүчийг Баянчандмань дэд станцаар дамжуулан Төвийн бүсийн 23 мянган өрхийг хангах юм. Ингэснээр жилд 16.6 мянган тонн нүүрс, 103.9 мянган тонн усны хэрэглээг хэмнэж, 21.3 мянган тонн нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулах юм. Ингэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн түлхэц үзүүлнэ гэдгийг “Эвэридей фарм” компанийн захирал Р.Жигжид танилцуулав.



Мөн төслийн хүрээнд 13 га талбайд 20 гаруй хүлэмж байгуулсан бөгөөд Япон технологийн дагуу улаан лооль, гүзээлзгэнэ зэрэг нарийн ногоо тариалах юм. Хүлэмжийн дээврийг мөн нарны эрчим хүч цуглуулах хавтангаар хийсэн байна. Ингэснээр хүлэмжийг халаах, цахилгаанаар хангах болон халуун агаараар үлээлгэх боломж бүрдэж байгаа юм. Энэ бүхнийг цогцлоосноор тухайн хүлэмжинд жилийн 11 сар тасралтгүй тариалан эрхлэх боломжтой болох бөгөөд газар тариалан, эрчим хүчийг хослуулсан хамгийн дэвшилтэт технологи гэдгийг гүйцэтгэгч байгууллагууд онцолж байв.
Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосноос хойш буюу өнгөрсөн 45 жилийн хугацаанд улс төр, эдийн засаг зэрэг бүхий л салбарт нягт хамтран ажиллаж ирснийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар дурьдлаа. Тэрбээр, "1990 оны үед манай цахилгаан станцууд санхүүгийн хүндрэлд орж, зогсохдоо хүрэх үед хамгийн түрүүнд Япон улс тусламжийн гараа сунгаж байсан. Өнөөдөр байгаль орчноо хамгаалах, дэлхийн дулааралтай тэмцэхэд томоохон түлхэц үзүүлэх нарны цахилгаан станцыг Монголд байгууллаа. Энэ бол Монгол Улс Японтой улстай найрсаг харилцаатай байхад дэлхий нийтийн хөгжил дэвшлээс хэзээ ч хоцрохгүй гэдгийн илрэл юм” хэмээв.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такока Масато, “Манай орон дэлхийн дулааралтай тэмцэх чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа. Мөн бусад улс оронд ч дэвшилтэт тоног төхөөрөмжөө нийлүүлэх зорилготой байдаг. Монгол Улс биднийг дэмжиж ажилласны хүчинд энэхүү цахилгаан станцыг байгуулж байгаа юм. Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр цаашдаа олон төсөл, хөтөлбөрийг эхлүүлэх боломж бүрдэнэ гэж харж байна” гэлээ.

“Фарм дү” компанийн ерөнхийлөгч Ивай Масаюки, “Энэхүү цахилгаан станц дэлхий нийтэд барьж буй маш том бэлэг. Өөрөөр хэлбэл, нарны эрчим хүчийг ашиглаж, 11 сар зогсолтгүй тариалан эрхэлнэ гэдэг бол байгаль орчинд ээлтэйгээс гадна хүнсний хэрэглээг хангах давхар ач холбогдолтой юм. Хэдийгээр Монголд хүйтний улирал урт хугацаанд болдог ч энэхүү төслийн ачаар өдөр бүр шинэ ногоо хүнсэндээ хэрэглэх боломж бүрдэж байна” гэлээ.

Монгол Улс, Япон улсын хооронд байгуулсан “Хамтарсан кредит олгох механизм /JCM/”-ийн хэлэлцээрийн хүрээнд Налайх дүүрэгт мөн 10 мегаваттын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц байгуулахаар төлөвлөж байгаа юм. Одоогоор бүх зүйл хэлэлцээрийн шатанд байгаа бөгөөд эцсийн байдлаар тохиролцоогүй байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгааг холбогдох албаныхан хэлж байв.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ