Эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Тадеуш Костюшкогийн дурсгалд зориулан үзэсгэлэн нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2017-12-01 15:44:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Польшийн Үндэсний баатар, Америкийн тусгаар тогтнолын төлөө эмцэгч, Францын хүндэт иргэн Тадеуш Костюшкогийн дурсгалд зориулсан үзэсгэлэнг өнөөдөр Монголын Үндэсний музейд нээлээ.
Бүгд найрамдах Польш улсын Сейм үндэсний баатрынхаа таалал төгссөний 200 жилийн ой болж буйтай холбогдуулан 2017 оныг Костюшкогийн жил болгон олон улсын хэмжээнд өргөн тэмдэглэж байгаа юм. Үүний нэг нь энэхүү үзэсгэлэн юм.
Үзэсгэлэнгийн нээлтэд БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михал Лабенда хэлэхдээ, "Та бүхэн түүний амьдрал, эрх чөлөөний тэмцлийн талаар энэхүү үзэсгэлэнгээс олж мэдэх учраас эрх тэгш байдлын үзэл санаанд итгэх түүний үзэл, хүн бүр эрх чөлөөтэй байх эрхтэй гэх уг эрхийн төлөө тэмцэх шаардлагатай бол хэзээд тэмцэх нь зүйтэй гэсэн Костюшкогийн онцлог чанарыг тодотгож хэлмээр байна. Польшийн парламент 2017 оныг Костюшкогийн он хэмээн тунхагласан. Тэгвэл бид үзэсгэлэнгээр дамжуулан эрх чөлөө, ахан дүүсийн ёс, шударга байдлыг хүндэлдэг Монгол Улсад энэхүү гайхалтай хүнийг илүү их таниулахыг хүсч байна. Уг төсөл Монгол Улсын БСШУСЯ, Монголын Үндэсний музейн нөр тусламжийн дэмжлэггүйгээр биелэлээ олох боломжгүй байлаа. Бээжин дэх Польшийн институтын хамт олны үүрэг энэ ажлыг зохион байгуулахад чухал байв” хэмээв.
Үзэсгэлэнгийн үеэр энэ агуу польш хүний тухай мэдээллийн материалтай танилцахаас гадна “Костюшко Рацлавицед” 1937 онд бүтээсэн киног монгол хэлээр үзэх боломжтой юм.



Тадеуш Костюшко Польшид шинэчлэл хийх зорилготой 5 дугаар сарын 03-ны өдрийн Үндсэн хуулиа хамгаалж эх орныг нь хуваагдалд оруулсан харийн түрэмгийлэгчдийн эсрэг өрнөсөн үндэсний зэвсэгт бослогыг тэргүүлсэн гавьяатай хүн билээ. Хүн бүхний эдлэх ёстой эрх чөлөөг нийт иргэддээ эдлүүлэхгүйгээр улсаа тусгаар тогтнуулж чадахгүй гэж үзсэн нь түүний алсын хараатай бодлогын илрэл байжээ.
Тэрбээр зэвсэгт хүчний тэргүүн төдийгүй, бүр ард түмний удирдагч гэдгээ өөрийн ажиллагаагаараа харуулж чадсан юм. Тэрбээр мөн Америкийн цэргийн батлан хамгаалах чадварыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсны учир бригадын генерал цол хүртжээ. Францад амьдарч байхдаа легион байгуулах ажилд идэвхтэй оролцож байв.
Түүний бүтээсэн гавьяаг үе үеийнхэн өөр өөрөөр харж үнэлдэг ч гэсэн түүний үзэл санаа түгээмэл, цаг үеийг урьтаж харж тэмүүлдэг байсан учир тэр жинхэнэ утгаараа хамгийн орчин үеийн хүн байсан юм.
1817 онд харийн нутагт өөд болсон түүний шарилыг эх оронд нь авчирч байршуулсан бөгөөд Польшийн ард түмэн Тадеуш Костюшкогийн дурсгалыг маш өвөрмөц хэлбэрээр мөнхжүүлсний илрэл нь эх газрын шороогоор 30 метр өндөр толгод-хөшөөг босгосон явдал юм. Дэлхийд түүний дурсгалд зориулан босгосон хөшөө, дурсгалт газар олон байдгаас гадна алдартай хүмүүс түүнд зориулж бүтээлээ туурвисан байдаг байна.
Энэ сарын 07-ныг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнгийн нээлтэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Монголын Үндэсний музейн захирал, доктор Д.Сүхбаатар нарын холбогдох албаныхан оролцов.
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ