ОХУ-ын цэргүүд эх орондоо ирж эхэллээ

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-12-13 12:45:49
Москва /МОНЦАМЭ/. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарилгаар энэ сарын 12-ны өдрөөс эхлэн ОХУ Сирээс цэргээ татаж эхэллээ. Харин Тартус болон Хмеймим дахь ОХУ-ын цэргийн баазын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм байна.
ОХУ-ын цэрэг арми хоёр жилийн хугацаанд 32 мянган террорист, 1500 дайны техник хэрэгсэл устаж мянга гаруй суурин газрыг чөлөөлжээ.
 Энэ сарын 11-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Сирийн Хмеймим дахь Оросын цэргийн баазад айлчлах үеэрээ ОХУ болон Сирийн арми хамтран хоёр жилийн хугацаанд хамгийн аюултай террорист бүлэглэлийг устгасныг онцлов.
 Тэрбээр цэргүүдэд хандан “Та нар баатарлаг ялалт байгуулан, гэртээ харих гэж байна. Сири тусгаар улс хэвээр үлдэж, дүрвэгчдэд буцан ирэх боломж бүрдлээ. Харин террористууд дахин толгой өндийвөл хэзээ ч амсаж байгаагүй хүчтэй цохилт үзүүлэх болно” хэмээн онцлов.
Ийнхүү ОХУ-ын Ерөнхийлөгч зарилга буулгасанаас хэдхэн цагийн дараа Оросын армийн цэргүүд эх орондоо ирж эхлэв. Одоогийн байдлаар алсын зайнаас байршил тогтоогч, удирдагч А-50 онгоцны багийн гишүүд, Ту-22М3 сөнөөгч онгоц болон гэмгүй иргэдийг хамгаалж, хүмүүнлэгийн ажиллагаа явуулж байсан цагдаа нарын 400 гаруй бие бүрэлдэхүүн эх орондоо ирээд байна.
 Сирээс цэргүүдээ татах ажиллагаанд 23 нисэх онгоц түүнчлэн Ка-52 загварын хоёр нисдэг тэрэг оролцож байгаа бөгөөд таталт хэдий хугацаанд үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
 Дашрамд дурдахад зургаан жил үргэлжилж буй Сирийн дайнд 70 мянган гэм зэмгүй иргэн амь үрэгдэж, 5 сая иргэн нутгаасаа дүрвэн зугтжээ. Түүнчлэн энэ хугацаанд томоохон хотуудын дэд бүтэц, түүхийн дурсгалт газрууд бүрэн устсан бөгөөд дайны уршгаар Сири улс 350 тэрбум ам.долларын хохирол амссан юм.
 
 
Л.Нандиа
 
 
 
 
 
Холбоотой мэдээ