Тэсийн голынхон “Усаа арвижуулах аян”-д нэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-11-19 10:29:58

Өнгөрсөн долоо хоногт Увс аймгийн төв Улаангом суманд Увс нуур-Тэсийн голын Сав газрын Зөвлөл /УНТГСГЗ/-ийн гишүүдийн II зөвлөгөөн амжилттай болж 2015 онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, 2016 онд хэрэгжүүлэх зорилтоо төлөвлөж тодорхойлсон юм.

Нутгийн удирдлагын ордонд болсон тус зөвлөгөөний үеэр УНТГСГЗ-ийн гишүүн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга А.Даваадоржтой уулзаж ярилцлаа.
-Энэ удаагийн зөвлөгөөний талаар таны сэтгэгдлийг сонсоё?
-Увс аймгийн төвд Увс нуур-Тэсийн голын сав газрын Зөвлөлийн II зөвлөгөөн болж байна. Би анхны зөвлөгөөнд оролцож байсан тус зөвлөлийн гишүүн хүн. Бид 2015 онд хийсэн ажлаа тайлагнаж, ирэх онд зөвлөлөөс хийх ажлуудаа төлөвлөж байна. Тэсийн гол бол гурван аймгийн 27 сумыг хамарсан нутгийн малчин ард түмнийг бараг жилийн дөрвөн улиралд ундаалдаг буянтай том голын нэг. Тиймээс тус зөвлөл нь чухал ач холбогдолтой. Энэ голоо бид цаашдаа яаж хамгаалах, усыг яаж зүй зохистой ашиглах чиглэлээр эрдэмтэн докторуудын зөвлөмж, зөвлөлийн гишүүдийн санал санаачлага, сумдын хийж хэрэгжүүлж байгаа ажил, туршлага, санааг нэгтгэн дүгнэн, санал солилцож байгаа энэ удаагийн зөвлөгөөн амжилттай болж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь Монголд төдийгүй дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа. Сүүлийн жилүүдэд усны асуудал олон түмний анхаарлыг татаж, цаг уурын өөрчлөлт, дулаарлаас үүдэн олон арван булаг шанд, гол горхи, нуур, рашаан ширгэх аюул нүүрлэх болсон.

-Та өөрийнхөө сумынхаа талаар танилцуулна уу?
-Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум бол аймгийн хамгийн баруун талд Мөрөн хотоос 210 гаруй км  зайд оршдог. Газар нутгийн хувьд 745,5  мянган га нутаг дэвсгэртэй, 4750 гаруй хүн амтай, 247 мянган толгой малтай Хөвсгөл аймгийн томоохон сумдын нэг юм. Бид Тэсийн голтой буян заяагаар холбогдсон ард түмэн. Тэсийн гол нь манай сумын Булнайн нуруунаас эх авдаг. Тиймээс бид төрөлх нутгаасаа эх авч байгаа энэ голоо хамгаалах талаар хамгийн түрүүнд санал санаачлага гаргаж, дуу хоолойгоо хүргэж ажиллах ёстой гэж ойлгодог. Сүүлийн жилүүдэд Тэсийн голын эх хуурайшиж хатах хандлага ажиглагдаж санаа зовоож байгаа. Тэсийн голын эх бол томоохон уулын голуудаас эх авдаггүй, харин олон жижиг горхи буюу намгаас эх авдаг онцлогтой. Сүүлийн жилүүдэд энэ намаг хатах, усны эх ундрага нь багасах аюул байгаа юм. Харин сүүлийн үед янз бүрийн төсөл хөтөлбөр орж ирж байна. Тухайлбал, Засгийн газрын “Ус” хөтөлбөр, НҮБХХ болон БОНХАЖЯ-ны хөтөлбөрүүдийн шугмаар чамгүй ажил хэрэгжүүлж байгаа.
-Төсөл хөтөлбөрийн хүрээнд Цэцэрлаг суманд ямар ажил хийгээд байгаа бол?
-Бид Тэсийн голын эхээр 100 гаруй га газарт мод суулгасан. Тэсийн голыг усаар тэтгэдэг уулын амуудын голын эхийг хашиж хамгаалж байгаа. Бас нэг томоохон зорилт дэвшүүлсэн нь Увс нуур-Тэсийн голын сав газрын Зөвлөл /УНТГСГЗ/-өөс хүсэлт тавьж Тэсийн голын эхийг Улсын тусгай хамгаалалтанд авах зайлшгүй шаардлага байгааг холбогдох байгууллагад хандахаар төлөвлөсөн юм. Энэ ажил зарим сумын үйл ажиллагаанаас болоод энэ онд арай амжсангүй.
-Яг тодорхой хийж хэрэгжүүлсэн ямар ажил байна вэ?
- УНТГСГЗ байгууллагдсанаас хойш болон НҮБХХ болон БОНХАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн хүрээнд олон ажил хийж эхлээд байгаа. Булнайн нурууны уулсын амнаас олон салаалсан жижиг гол, горхиуд Тэсийн гол руу орж цутгадаг. Төслийн шугмаар 4-5 гол, горхийн эхийг хашиж хамгаалаад байна. Мөн минж нутагшуулах ажлыг “Дасан зохицохуй” төслийн хүрээнд хийгээд явж байгаа. Эхний ээлжинд судалгааг хийж, нутагшуулах ажлыг эхлүүлсэн. Минжийг монголчууд “Усны инженер” хэмээн байгаль хамгаалахад чухал хувь нэмэр оруулдаг амьтан гэдгийг мэддэг. Энэ мэт олон ажил хийж байгаа, цаашдаа ч үргэлжлүүлнэ.
- Сумынхан усны зүй зохистой ашиглалтын талаар хэр зэрэг мэдээлэлтэй болж байна?
-Манай сумын хувьд бол хангай нутгийнхан учраас өнөө маргаашдаа усаар гачигдаад байгаа юм байхгүй. Энэ нь бас нэг дутагдалтай тал гэж болно. Тэгэхээр ирээдүйд учирч болох аюулаас бид одооноос мэдэрч ус, голоо хамгаалах талаар мэдлэг, мэдээлэлтэй байх нь чухал юм. Газар тариалан эрхэлдэггүйгээс усны эрэлт хэрэгцээг төдийлөн сайн мэдэхгүй байгаа. Харин цаашдаа Ус хэрэглэгчдийн холбоог байгуулж усаа зүй зохистой ашиглах талаар сургалт, сурталчилгаа хийж, уг асуудлыг анхаарч ажил, амьдралдаа хэрэгжүүлнэ. Хамгийн гол нь иргэдийн өөрсдийн оролцоотой энэ үйл хэрэг бодит ажил болж чадна.  

Тус II зөвлөгөөнийг даргалж байгаа Увс аймгийн Түргэн сумын байгаль хамгаалагч Д.Баньдитай уулзаж энэхүү зөвлөгөөний үр дүн, ач холбогдлын талаар сэтгэгдлийг авсан юм.

-Бид өнөөдөр Улаанбаатар хотоос усны зөвлөх инженер, төслийн үндэсний зөвлөх, доктор, профессор Ш.Баранчулууныг урьж ирүүлээд зөвлөгөө, илтгэлийг нь сонсож байна. Өнөөдөр дэлхийн нийтийн өмнө зайлшгүй тулгарч байгаа асуудал бол усны хүрэлцээ, зүй зохистой ашиглалт, хамгаалалт байдаг. Бид тус зөвлөгөөнөөр сав газрынхаа хэмжээнд усны нөөцийг яаж зөв зохистой ашиглах, усаа яаж хуваарилах, нөөц, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар ямар ажил хэрэгжүүлж ажиллах талаар нухацтай ярилцаж байна. Зөвлөгөөний ач холбогдол ямар чухал гэдэг нь зөвлөгөөнөөс гарч байгаа санал зөвлөмжүүдээс шууд ажиглагдлаа. Зөвлөлийн гишүүд энд ямар асуудал дэвшүүлэх, хэнд хандах, ямар мэдээлэл чухал байна гэдэг талаар бүгдээрээ сайн ойлгож байгаа нь таатай байна. Миний хувьд сумын байгаль хамгаалагчаас гадна Увс нуур-Тэс голын сав газрын захиргааны дэргэд Хархираа-Түргэний дэд сав газар гэж байгуулсан энэ газрын орон тооны бус даргаар ажилладаг. Хархираа-Түргэний голын сав газар нь Увс аймгийнхаа хэмжээнд ус хрээглэгчдийн тоогоор харьцангуй их гэж болно. Бид энэ зөвлөгөөнөөр 2016 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ. Уг төлөвлөгөө нь цаашаа энэ сав газарт харъяалагдах аймаг, сум, орон нутаг тус бүрт нь хэрэгжээд явах үр дүнтэй ажил болох юм. Өчигдөр би Увс аймгийн Ус хэрэглэгчдийн холбоо /УХХ/-ны зөвлөгөөнд ажиглагчийн байр сууринаас оролцлоо. Ер нь иргэд УХХ-нд сайн дураар нэгдсэнээр усаа зүй зохистой ашиглах зөв гарц, боломж юм гэдгийг сайн ойлгож мэдэрсэн байна. Тэгэхээр сумандаа очиж УХХ-ны ашиг тусыг иргэддээ таниулж, холбоо байгуулах ажлыг эхлүүлнэ гэж бодож байгаа.
-Түргэн сумынхаа талаар танилцуулна уу?
-Манай Түргэн сумын хувьд төв нь аймгийн төвтэй засмал замаар холбоотой, ОХУ-ын өндөр хүчдэлийн шугамд холбогдсон гээд дэд бүтэц сайн хөгжсөн гэдгээрээ онцлогтой. Сум 540 гаруй өрхтэй, 2018 хүн амтай, 73 мянган толгой малтай. Иргэд нь мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг харьцангуй жижиг сум. Увс нуурын ай сав газрын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Түргэн уулын дархан цаазат газрын 42 га нь манай суманд оршдог. Монголд төдийгүй дэлхийд танигдсан Дэглий цагаан уулынхаа хормойгоороо малчид нь нутагладаг онцлогтой. Ер нь энэ дэлхийн газар бүр л “Ус” эн тэргүүний асуудал байдаг. Манай нутгийнхан Түргэн голынхоо усыг түшиглэн аж төрдөг. Гэтэл Түргэн голын эх авч байгаа Дэглий цагаан уулын мөсөн гол хайлснаас хэмжээ нь их багасч байна. Өндөр уулсын сав газар учраас тариалалтын ид үе хаврын улиралд усны хомсдолд ордог. Иймд ус хуримтлуулж авах усан сан, усны барилга байгууламж үгүйлэгдсээр байна. Тэгэхээр орон нутгийн хүмүүсийн сайн дурын үүсгэл санаачилгаар байгуулсан УХХ-ны үйл ажиллагаа нэн чухал хэрэгцээтэй юм байна.
Танай суманд усны зүй зохистой ашиглалтын талаар ямар ажил хэрэгжүүлж байгаа бол?
-Бид нэлээд ажлыг төслийн дэмжлэгтэй хэрэгжүүлж байна.Тухайлбал, Ард иргэдэд уур амьсгалын өөрчлөлт, байгальдаа дасан зохицох талаар сургалт, сурталчилгааны ажил амжилттай хэрэгжиж байгаа. Мөн жижиг төслийн хүрээнд бидний санаачилгаар хот айлын болон ардын хөв тус бүр нэгийг байгуулахад туслалцаа үзүүлж хэрэгжүүллээ. Энэ бол монголынхоо уламжлалт аргыг л хэрэгжүүлсэн ажил юм. Ардын хөвийг 8 мянга гаруй малтай 10 гаруй өрхийн дунд байгуулсан юм. Харин хот айлын хөв гэдэг нь гэрээс хол бэлчдэггүй хурга, ишигт эсвэл малчин өөрөө сонголт хийж малаа усладаг хашаатай жижиг мини хөв гэж болно. Монголчууд эрт дээр үеэс уламжилж ирсэн арга туршлагыг л энэ төслийнхөн дахин сэргээж өгсөн хэрэг. Ганц хот айл хавар эрт ус тогтохоор хонхор газарт гар аргаар цас хуримтлуулаад тэмээний хом, эсгий, гудсаар хучиж нөөцөлдөг монгол уламжлал байсан. Харин төслийн сургалтад хамрагдсан манай ард иргэд энэ чинь нээрээ бидний бага байхад аав, ээж, эмээ, өвөө ингэж байсан гэж санаж байх жишээтэй. Энэ мэтээр бид уур амьсгалын өөрчлөлт, дулаарлаас үүдэлтэй эрсдлийг бууруулж дасан зохицох уламжлалт болон шинэлэг арга ухааныг аж амьдралдаа хэрэгжүүлж эхлэж байна.

     Д.Өлзий        

 

Холбоотой мэдээ