Хямрал бол түр зуурын үзэгдэл гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 16:49:09

УИХ-ын гишүүн А.Тлейхан Баян-Өлгий аймагт ажиллалаа. Тэрээр орон нутагт ирж ажилласан тухайгаа мэдээллээ.

-Тус аймгийн нийт арван гурван сум, тавин багаар явж төр засгийн бодлогыг танилцуулан, иргэд, сонгогчидтой санал солилцлоо. Эдийн засгийн бэрхшээл байгаа хэрнээ тус аймагт боломжийн төсөв хуваарилагдлаа. Чухал юманд зориулан хэмнэлттэй, хяналттай, үр ашигтай зарцуулвал зохино. Алтай, Сагсай сумдын сургуулийн дотуур байр баригдна. Өлгий сумын нэг, хоердугаар бүрэн дунд сургуулийн хичээлийн байрны дуусаагүй барилгыг санхүүжүүлэхээр боллоо. Хөдөөний иргэдийн ахуй байдал нэлээд хүндэрсэн байна. Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх боломжгүй, харин ч зарим хэсгийнхний цалин хөлс буурч хүүхдийн тэтгэлэг зөвхөн эмзэг хэсгийнхэнд олгогдохоор болж байна. Хямрал олон улсын шинжтэй байгаа ч айл зэргэлдээ БНХАУ, ОБНХУ, Казахстанд байдал тогтвортой. Манай хүндрэл улс төр, засаг тогтворгүйгээс шалтгаалаад байна. Тогтворжсон нөхцөлд эдийн засаг сэргэж, ард түмний аж амьдрал сайжирна. Өөрөөр хэлбэл өнөөгийн хямрал бол мөнхийн юм биш, түр зуурын үзэгдэл юм. Энэ аймгийн хувьд Дулаан харын уулын баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг дахин сэргээх, Сагсай сум дахь цементийн үйлдвэрийг ашиглалтанд оруулах, Тавалдайд Турк Улсын хөрөнгө оруулалтаар УЦС байгуулах нь чухал ач холбогдолтой. Мөн Завханы Тэлмэн суманд байгуулахаар бид төлөвлөөд байгаа баруун бүсийн аж үйлдвэрийн паркийн нэгээхэн салбарыг энд байгуулбал эдийн засгийг хөгжүүлэхэд түлхэц болно болно гэж тэр ярилаа.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ