Онцгой комиссын албан даалгаврыг зөрчсөн хүмүүст хариуцлага тооцно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-03-28 12:48:13
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Онцгой комиссын албан даалгаврыг зөрчсөн иргэдэд тодорхой хариуцлага тооцно гэдгийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Г.Баттулга анхаарууллаа.
Хөрш зэргэлдээ Булган, Архангай, Орхон зэрэг аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Онцгой комисс хуралдаж албан даалгавар гаргаж, хөрш зэргэлдээ аймгаас мал, мах тээвэрлэн оруулж ирэх, мөн хурдан морины хуралдааныг 5 дугаар сарын 1 хүртэл хориглосон шийдвэр гаргасан юм. Гэвч зарим суманд хурдан морины уралдаан зохион байгуулсан явдал гарч байгаа ажээ. Иймээс албан даалгавар зөрчсөн иргэдэд  хариуцлага тооцох гэнэ.

Мөн малын гоц халдварт өвчингүй тайван бүс нутгаа хамгаалахын тулд зөвхөн төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага ажиллах бус малчид иргэд ч гэсэн сонор сэрэмжтэй байж хамтдаа сэргийлэх нь чухал байна гэдгийг онцолж байлаа.
Б.Гантуяа
Холбоотой мэдээ