М.Мянганбуу: Халамж хүртэгчдийн хүрээг багасгах замаар хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлнэ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-03-29 14:55:35
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн хөдөлмөр, халамжийн салбарынхны анхдугаар зөвлөлгөөн энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Алтай хотод болсон билээ. Тус зөвлөлгөөний үеэр Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга М.Мянганбуутай ярилцаж, 2018 онд тус газраас орон нутгийнхаа халамж хүртэгчдэд чиглэсэн ямар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй тухай онцлон ярилцлаа.
 
-Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар нь энэ онд ямар бодлого баримтлан ажил үйлчилгээгээ явуулж байна вэ? 
-Манай хамт олон халамж хүртэгч иргэдийн хүрээг багасгах замаар хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэх бодлого баримтлан төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлж эхлээд байна. “Хүлээж биш, хүрч үйлчилье” жил болгон зарлаж тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Бид нэн түрүүнд Монгол Улсын Засгийн газар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх чиглэлээр ямар бодлого, зорилт дэвшүүлэв, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд ямар төсөл хөтөлбөр, арга хэмжээг зохиож байгаа вэ гэдгээ олон нийтэд танилцуулж эхлээд байна. Тухайлбал гуравдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Есөнбулаг сумын 10 багт “Хүлээж биш, хүрч үйлчилье” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн арга хэмжээнд нийт 620 иргэн хамрагдаж хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг авсан бөгөөд энэ онд хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг танилцуулсан юм. Цаашлаад энэхүү өдөрлөгийн арга хэмжээгээ ирэх хоёрдугаар улиралд Чандмань, Цогт, Төгрөг, Баян-Уул сумдад бүсчлэн зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнээс гадна хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас энэ онд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг иргэдэд танилцууллаа. Уг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ нийгмийн халамж хүртэж буй иргэдийнхээ хүрээг багасган, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилт тавин ажлуудаа эхлээд байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ч мөн адил ийм бодлого баримтлан зорилтоо дэвшүүлсэн байгаа. Зорилтоо хэрэгжүүлэхийн тулд нийгмийн халамжийн чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүдэд хамрагдаж буй өрх, иргэдийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр арга хэмжээнүүдийн бодлоготой уялдуулж багц байдлаар хүргэх нь иргэдийн амьдралд бодитой дэмжлэг болж, тодорхой үр дүнд хүрнэ гэж үзэж байна.  

-Яг одоогоор халамж хүртэгчдэд чиглэсэн ямар төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа вэ?
-Манай хамт олон орон нутгийн онцлогт тохируулж “Бид оролцъё, хамтдаа хөгжье” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, байнгын асаргаанд байдаг иргэдийг асран хамгаалж буй ажилгүй иргэд, хүүхэд төрүүлээд ажил хөдөлмөр эрхлээгүй эмэгтэйчүүдийг чадавхжуулах сургалтад хамруулах, ажлын байртай болгох юм. Мөн орон нутагт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй зорилтот бүлгийн иргэдэд үйлчилж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын дэд бүтцийг сайжруулах, жишээ нь налуу шат, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгайлсан зам гэх мэт орчин нөхцөлийг бий болгох онцлогтой хөтөлбөр юм. 
Түүнчлэн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл дэмжлэг туслалцаа шаардлагатай өрх, иргэдийн амьжиргааны эх үүсвэрийг бий болгох, тэдний амьдралын түвшинг дээшлүүлэх төсөл хөтөлбөрүүдийг нийгмийн халамжийн сангаас буцалтгүй тусламж хэлбэрээр олгодог. Үүнээс гадна Засгийн газраас “Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Гэхдээ энэ хөтөлбөр нь ямар нэгэн тусгай санхүүжилтгүй байсан. Энэхүү хөтөлбөрийг орон нутагтаа амьдруулахын тулд манай хамт олон “Дэлхийн зөн Монгол ОУБ”-ын орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр “Өрхийн амьжиргааг дээшлүүлэх 36 сарын хөтөлбөр”-ийг хамтран хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрт Есөнбулаг сумын 40 өрхийг сонгон, 3 жилийн хугацаанд амьдралыг нь дээшлүүлэх юм. Өөрөөр хэлбэл тухайн өрхийн иргэдийг чадавхжуулж, ажлын байртай болгон амьдралын чанарт нь өөрчлөлт хийх юм. Тухайлбал, аймгийн “Тогоочдын холбоо”, “Үнэлэмж” сургалтын төвтэй хамтран сонгогдсон өрхийн хөдөлмөр эрхэлдэггүй 15 иргэнийг 14 хоногийн Талх нарийн боовчны сургалтад хамруулсан. Энэхүү сургалтыг зорилтод өрхүүдийн хөдөлмөрийн насны иргэдийн сонирхол, хэрэгцээнд үндэслэгдэн зохион байгуулагдсанаараа онцлогтой болсон юм. Суралцагчид 14 хоногийн хугацаанд 10 нэр төрлийн талх, 4 төрлийн бялуу, 12 төрлийн жигнэмэг, 2 төрлийн чанамал, нийт 28 нэр төрлийн бүтээгдэхүүн хийж сурсан ба цаашид хувиараа хөдөлмөр эрхлэн орлоготой болж амьдралын чанараа дээшлүүлэх боломжтой болсон юм. 
Манайх уг хөтөлбөрт хамрагдаж буй өрхүүдийг давхар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүд болон дээр дурдсан үндэсний хөтөлбөртэй уялдуулан зохион байгуулж байна. Энэ онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт Говь-Алтай аймгийн нийт 371 өрх хамрагдаж байгаа. 
 
-Таны дурдсан “Бид оролцъё, хамтдаа хөгжье” төсөл хөтөлбөрт зорилтод бүлгийн иргэн бүр хамрагдах боломжтой юу?
-Монгол Улсын Засгийн газар 2017 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих"  үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийг бид орон нутагтаа хэрэгжүүлнэ.
Хүсэлт гаргасан иргэн бүр хамрагдах боломжтой. Энэ хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэхийн тулд суурь судалгаануудыг хийж байгаа. Тиймээс миний дээр дурдсан хөгжлийн бэрхшээлтэй болон байнгын асаргаанд байдаг иргэд, хүүхэд төрүүлээд ажил хөдөлмөр эрхлээгүй эмэгтэйчүүдийг чадавхжуулах гээд үйлчилгээг хүн бүрт хүргэх болно. 
 
-Энэ хөтөлбөрт хамрагдаж буй иргэн мэдлэг мэргэжил, ур чадвартай болох юм байна гэж ойлголоо?
-Сүүлийн үед халамж хүртэгчдийн хандлага өөрчлөгдөж байгаа нь ажиглагдаж байгаа. Бид байнга халамжийн буцалгүй тусламжийг аваад байх биш, өөрсдөө хөдөлмөрлөе, өөрсдөө санаачилга гаргаж ажлын байртай болъё гэсэн хүсэл эрмэлзлэлтэй болсон байна. Тиймээс ч бид “Хүлээж биш, хүрч үйлчилье” зорилт дэвшүүлэн иргэдийнхээ хүсэл сонирхлыг дэмжин ажиллахыг чухалчилж байгаа. Нэгдүгээрт хувь хүнийг хөгжүүлж, ур чадварт суралцуулж, тодорхой мэргэжилтэй болох юм. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн шаардлагыг хангасан мэргэжлийн гэх тодотголтой болж, өрхийн орлогоо нэмэгдүүлэн амьдралаа аваад явах чадвартай болоход энэ хөтөлбөрийн гол зорилго нь оршиж байгаа.
 
-“Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль”-ийг  2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлсэн эхэлсэн. Одоогийн байдлаар хэчнээн иргэн хамрагдаад байна вэ?
-Одоогийн Засгийн газар нь зүүний үзэл баримтлалтай, энэ нь юу вэ гэвэл нийгмийн баялгийг ард иргэдэд тэгш хүртээхийг баримталдаг. Үүний дагуу нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэддээ төрийн бодлогоор баялгийн хуваарилалт хийж байгаа. Үүний нэг нь Засгийн газрын хөтөлбөрт багтсан, эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох бодлого. Энэ бодлогыг “Цалинтай ээж” гэж нэрлэсэн. Говь-Алтай аймгийн хэмжээнд 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар давхардсан тоогоор 7571 эх хамрагдаж, 377,4 сая төгрөг зарцуулсан байна. Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улиралд нэг удаа 240,000 төгрөгийн тэтгэмж олгохоор хуульчилсан. Энэхүү тэтгэмжид 115 иргэн хамрагдсан бөгөөд 15 нь өрх толгойлсон эцэг байна. 
Ахмад настны тухай хуулийн хүрээнд “Насны хишиг” /65-аас дээш насны ахмад настанд/ тэтгэмжийг олгох ажлыг зохион байгуулсан. Аймгийн хэмжээнд нийт 2180 ахмад настанд хамрагдаж, 184,0 сая төгрөг азай буурлуудад олгогдлоо. 
 
-Зорилтот бүлгийнхэнд хүнсний талон олгодог. Үүнд хамрагсадын тоо аймгийн хэмжээнд хэд хүрээд байна вэ?
-Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хүнсний талон” буюу нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх иргэнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ үзүүлж байна. Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа улсын хэмжээнд явагдаж, өрх бүрийг амьдралын түвшингээс нь хамаараад 1-1000 оноогоор ангилан эрэмбэлсэн. Үүний 310-аас доош оноотой өрхүүдэд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ үзүүлж байгаа. Насанд хүрэгчдэд 16000, хүүхдэд 8000 төгрөгөөр тооцон сар бүр хүнс худалдан авахад нь дэмжлэг үзүүлж байна. Аймгийн хэмжээнд 776 өрх хамрагдсан, үүнээс 1296 нь том хүн, 1249 хүүхэд хамрагдаж байна. Есөнбулаг сумын тухайд 446 өрхийн 789 том хүн, 776 хүүхэд хамрагдаж байна. 
 
-Тэгвэл 0-18 насны хүүхдэд сар бүр олгодог хорин мянган төгрөг манай аймгийн хүүхдүүдийн хэдэд нь олгогдож байна?
-Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохдоо мөн л өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох үзлэгийг үндэслэн 554-ээс доош оноотой өрхийн хүүхдүүдэд тэтгэмжийг бэлэн мөнгө хэлбэрээр олгож байна. Говь-Алтай аймгийн хэмжээнд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах ёстой 18.391 хүүхэд бүртгэгдсэн. Үүний 60 хувь буюу 14.120 хүүхэд нь бэлнээр сар бүр мөнгөө авч байгаа, бусад хүүхдүүдэд нь бэлэн бусаар олгогдож байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгсөн чиглэлд энэ оны хоёрдугаар улирлаас эхлээд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг  бэлнээр өгч буй хамрагдалтыг 80 хувь болгон тоог нь нэмэгдүүлэхээр Засгийн газрын бодлогод багтсан гэдгийг мэдэгдсэн. 
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ