“Дэлхийн эмч нарын өдөр”-өөр иргэдээс санал авч аймгийн удирдлагууддаа хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-03-30 20:26:38
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах, амь насыг нь авардаг буянтай мэргэжил эзэмшин өөрийнхөө мэдлэг, ур чадвар, бие сэтгэлээ эрүүл энхийн манаанд зориулсан Алтай нутгийн үе үеийн эмч нар өнөөдөр Дэлхийн эмч нарын баярын өдрөө тэмдэглэн өнгөрүүлж байна.
Тэд энэ удаагийн баярын өдрөөрөө зөвхөн баярлаад өнгөрөх бус орон нутгийнхаа эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар 500 гаруй иргэн, 200 гаруй эмч, эрүүл мэндийн ажилтнаас санал асуулга авч, аймгийн удирдлагуудад хүргүүлжээ. Мөн эмч нарын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, чөлөөт цагийн нь зөв боловсон өнгөрүүлэхийн тулд энэ өдрүүдэд волейбол, даам, теннисний тэмцээн зохион байгуулжээ.

Тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа орон нутгийнхаа эмч нарт баярын мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр “Хүн амын эрүүл мэнд сайжирсан салбар байхын төлөө ажиллаж буй эрхэм эмч нартаа баяр хүргэж, та бүхнээрээ дамжуулан гэр бүл, үр хүүхдэд тань эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе” хэмээлээ.

Тус аймгийн эрүүл мэндийн салбарт 228 эмч ажиллаж байгаа ба үүний 8.3 хувь нь “Ахлах”, 4.8 хувь нь  “Тэргүүлэх” , 1.3 хувь нь “Зөвлөх”, 17.1 хувь нь “Магистр”, 1.7 хувь нь “Доктор”-ын зэрэг  хамгаалсан эмч нар ажиллаж байна. 
 
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ