Говьсүмбэр аймагт “Их соёл-Эх үндэс” хөтөлбөр хэрэгжиж байна

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2018-04-03 15:22:09
Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг соёлоо дээдлэх, эх хэлээ хайрлан хамгаалах зорилгоор УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилгаар Говьсүмбэр аймагт “Их соёл-Эх үндэс” хөтөлбөр хэрэгжиж байна.
Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын эхлэл болгож БСШУСЯ-ны Боловсролын хүрээлэн, МУБИС-ийн багш нар дөрөвдүгээр сарын 02-нд Сүмбэр сумын ерөнхий боловсролын 190 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчийг хамруулсан сургалт зохион байгуулав.
Мөн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, БСШУСЯ-ны Боловсролын Хүрээлэнгийн захирал М.Итгэл, МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, Монгол Улсын ардын багш, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Өнөрбаяр, МУБИС-ийн Насан туршийн боловсрол, Зайн сургалтын тэнхмийн эрхлэгч, Боловсрол судлалын ухааны  доктор Ц.Оюунбилэг, Математик, байгалийн ухааны тэнхмийн эрхлэгч, доктор Б.Түмэнцэцэг, Нийгмийн ухааны тэнхмийн эрхлэгч, Боловсрол судлалын ухааны философийн ухааны доктор, дэд профессор Т.Нэмэхжаргал, Англи хэлний тэнхмийн ахлах багш Ц.Даваабаяр нар орон нутгийн багш нартай хэл бичгийн хөгжлийн чиг хандлага, хэрэглээний талаар санал солилцсон байна.
Тус аймаг Сүмбэр, Шивээговь, Баянтал гэсэн гурван сумтай. Аймгийн ерөнхий боловсролын таван сургуульд  нийт 3400 гаруй сурагч суралцаж байна. Үндэсний хэл соёлоо дээдлэх, өсвөр үе хүүхэд залуус, нийт ард иргэдэд уламжлалт монгол бичгээ таниулан сурталчлах, үүгээр дамжуулж ёс заншил, хэл соёлоо дээдэлдэг бүтээлч, иргэдийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллана гэж албаныхан тодотгов.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ