Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

ХИЛИЙН ЧАНАДААС
gantuya@montsame.mn
2018-04-11 00:08:09
Бээжин /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Боао-гийн чуулга уулзалтад оролцох үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Антонио Гутерреш-тэй уулзав.

Уулзалтаар Ерөнхий сайд “Монгол Улс дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, тогтвортой хөгжлийг урагшлуулах үйл хэрэгт НҮБ-ын гишүүний хувиар идэвхтэй оролцох байр сууриа цаашид ч баримтална” гэдгийг илэрхийлэв.

Мөн энэ оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо “Гамшгийн эрсдлийг бууруулах” асуудлаар зохион байгуулах Азийн сайд нарын Бага хурлын бэлтгэл ажлын явцын талаар мэдээлж, энэ хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг оролцохыг урив. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улс ардчилсан тогтолцоог амжилттай хөгжүүлэхийн зэрэгцээ “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт  чухал үүрэг гүйцэтгэж ирснийг өндрөөр үнэлдгээ  илэрхийлэв.

Тэрбээр дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагч Монгол цэргүүдтэй уулзаж байснаа дурсан, тэдний мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэлээр бахархаж явдагаа хэллээ.
Мөн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, олон талт дипломат үйл ажиллагааг цаашид ч дэмжихээ илэрхийлж, хөрш орнуудтайгаа хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төслүүдийн хэрэгжилтэд амжилт хүсэв.
А.Анхбаяр
Холбоотой мэдээ