Дотоодод нефть боловсруулах тендерт Унгарын компани шалгарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-11-28 14:20:43

Говийн бүсэд баригдах газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн тендерт таван компани оролцсоноос Унгар улсын компани шалгарсан байна.

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Х.Болорчулуун гишүүнээс Газрын тосны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг Засгийн газрын гишүүн, Уул уурхайн н Р.Жигжид танилцуулсан юм. Монгол Улсын Газрын тосны газар болон Хятадын газрын тосны үндэсний корпорацийн хооронд 2014 онд байгуулсан Газрын тосны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай санамж бичиг, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд Газрын тосны газрын даргын тушаалаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн удирдамжид Тамсагийн төслийн үр ашгийг нэмэгдүүлэх, Тосон-Уул XIX талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээний нөөц ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох асуудлууд багтсан бөгөөд ажпын хэсэг Хятадын газрын тосны үндэсний корпорацийн төлөөлөлтэй гурван удаа уулзалт хэлэлцээр зохион байгуулаад байгаа аж. Харин Хятадын газрын тосны үндэсний корпорацийн зүгээс Тосон-Уул XIX талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээний одоогийн нөхцөлүүдийг тогтворжуулах талаар хатуу байр суурь илэрхийлсээр байгааг Р.Жигжид сайд хэлэв.

Мөн энэ оны 5 сард Хятадын газрын тосны үндэсний корпорацийн дарга Жоу Жи Пин солигдсонтой холбогдуулан яриа хэлэлцээрийн явц удаашраад байгаа. Одоогоор Газрын тосны газрын зүгээс Хятадын газрын тосны үндэсний корпорацийн шинээр томилогдсон дарга, тус корпорацийн тэргүүн дэд ерөнхийлөгч бөгөөд Петрочайна хувьцаат компанийн даргатай дахин уулзалт зохион байгуулах талаарх хүсэлтээ хүргүүлсэн аж. Тосон-Уул XIX талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээний нөөц ашигласны төлбөрийн асуудал яриа хэлэлцээрийн шатанд байгаа тул дэлгэрэнгүй мэдээллийг хэлэлцээр дууссаны дараа өгөх боломжтой гэв.

Буйр-22 талбайн гэрээний хугацаа 2012 онд дуусч Засгийн газрын тогтоолоор уг талбайг буцааж авахаар шийдвэрлэсний дагуу ажлын хэсэг гарч талбайг бүхэлд нь хүлээж авсан байдаг. Энэ үндсэн дээр нээлттэй тендер зарлаж сонгон шалгаруулалт явуулах ажлыг 2015 онд дахин зарлах чиглэл гарч, бэлтгэл ажил хийгдэж байгаа. Мөн Газрын тосны тухай хуулийг шинэчлэн найруулж баталсантай холбогдуулан 13 бичиг баримтыг шинээр боловсруулахаас наймыг нь боловсруулаад байгаа, бусдыг нь сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр бэлдэж байна. Эдгээр бичиг баримтыг эцэслэн гаргаснаар уул уурхайн салбарт ажиллагчдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны байдал сайжрах боломжтой. Петрочайна компанид ажиллаж байгаа монгол ажилчдын амьдрах байрны тухайд 2016 ондоо багтааж монгол ажилчдын амьдрах байр барьж ашиглалтад оруулахаар гэрээлэгч талтай тохиролцсон гэлээ.

Мөн Монгол Улс өөрсдийн олборлосон бүтээгдэхүүнийг ашиглан дотооддоо нефть боловсруулах үйлдвэр байгуулах асуудал ямар шатанд байгаа талаарх гишүүний асуултад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Засгийн газраас хоёр бүсэд байршилтайгаар газрын тосны бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр барих чиглэл гаргасан. Зүүн бүсэд 300 мянган тонн бүтээгдэхүүн боловсруулах чадалтай үйлдвэрийг концессоор барихаар болсон. Харин говийн бүсэд баригдах боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ хийгдээд дуусч байгаа, энэ ажилд 5 компани оролцсоноос Унгар улсын компани шалгарсан гэсэн хариулт өгөв.

Асуулга тавьсан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун төгсгөлд нь, Монгол Улс газрын тосны нөөц ихтэй улс биш ч гэлээ багад нь ордоггүй. Энэ төрлийн бүтээгдэхүүний нөөцтэй дэлхийн 90-ээд орноос манай улс 35-д нь ордог гэсэн судалгаа байдаг. Иймээс эдийн засаг хүндрэлтэй байгаа ийм үед дотоод нөөц боломжоо бүрэн дайчилж байж хямралыг давах шаардлагын үүднээс тус компаниас авах газрын тосны талбайн нөөц ашигласны төлбөрийг 10-аас доошгүй хувьд хүргэх талаар Засгийн газар, салбарын яам анхаарах ёстой. Учир нь энэ нь Тогтвортой байдлын гэрээ биш ердийн гэрээ учраас нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх санал тавьж яриа хэлцэл хийх боломжтой гэж үзэж байгаагаа хэлсэн юм.

Н.Гантуяа

Холбоотой мэдээ