Гашуунсухайт дахь жолооч нарт зориулсан Амралтын цогцолбор байгуулахаар болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт боомтод нүүрсний тээвэрлэлт хийж буй жолооч нарт Амралт, Авто зогсоолын цогцолборыг 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргалаа.
Нүүрсний тээвэрлэлт хийж буй жолооч нар олон хоног автомашиндаа байрладаг, усанд орох, амрах хооллох газар байдаггүй зэрэг нийгмийн асуудал маш хүндрэлтэй, эрүүл мэндийн талаас ч тун хүнд нөхцөлд ажилладаг. Эдгээр жолооч нарын бодит байдалтай Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийн хамт өнгөрөгч долоо хоногт биечлэн танилцаж, ойрын хугацаанд шийдвэрлэхээ мэдэгдээд байсан юм. Энэ дагуу Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар жолооч нарт зориулан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр дэх улсын хилийн зурваст 48 га талбайд “Авто зогсоолын цогцолбор” төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа.

Төсөл хэрэгжсэнээр,
- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замд үүсдэг автомашины урт дарааллыг арилгана
- Тээвэрчдийн баталгаат хоол хүнс, тав тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллах, амрах нөхцөл бүрдэнэ.
- Нүүрс тээвэрлэлтийн явцад гардаг осол эндэгдлийг бууруулж жолоочдын амь нас хохирол гардаг асуудлыг таслан зогсооно.
- Орон нутгийн байгаль экологид учирч буй сөрөг нөлөөллийг бууруулна.
- Төслийн хүрээнд рентген төхөөрөмж бүхий гаалийн хяналтын бүсийг байгуулснаар хил гаалийн шалган нэвтрүүлэх ажиллагааг хөнгөвчлөн ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, хилээр хориглосон болон хязгаарласан эд, бараа хууль бусаар нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлнэ зэрэг үр дүн гарах ач холбогдолтой гэж үзэж байна.
“Авто зогсоолын цогцолбор” төслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх, шаардлага хангасан хуулийн этгээдийг сонгон үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгажээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн өгсөн мэдээллээр, “Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалаар Монгол Улсаас экспортолж буй нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх, Тавантолгой-Гашуунсухайт дахь нүүрс тээвэрлэлт, ложистикийн асуудлыг сайжруулах талаар ярилцсан. Энэ хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд тээвэрлэлт хийж буй жолооч нарын нийгмийн асуудлыг сайжруулж, тэдний амрах бололцоог хангах чиглэлээр Авто зогсоолын цогцолборыг бий болгохоор Засгийн газар шийдвэрлэлээ. Ингэснээр тээвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн хамгааллыг сайжруулах томоохон ажлын эхлэл тавигдаж байна. Нүүрс нийлүүлж байгаа уурхайнууд болон нүүрс худалдан авч байгаа аж, ахуй нэгжүүд хоорондоо ярилцаж, тохироод ложистикийн асуудлаа шийдэх ёстой гэсэн зарчим, шаардлагыг бидний зүгээс тавьж байгаа. Энэ бол тээвэрлэлтийн үндсэн зарчим. Нөгөөтэйгүүр тээврийн байгууллагууд өөрсдийн мэдлийн зогсоол талбайтай, жолооч нарынхаа цалинг нь тогтмол өгдөг байх ёстой. Жолооч нарын амралтын цогцолборыг 10 орчим тэрбум төгрөгөөр барих тооцоолол байна. Гэхдээ энэ тооцооллыг илүү нягталж, шалгана. Уртын болон богины тээвэрлэлт болон тээврийн байгууллагуудын үйл ажиллагаанаас шалтгаалж байршлыг тогтооно” гэлээ.

Өнөөдрийн байдлаар Тавантолгойт-Гашуунсухайт чиглэлийн 239 км автозамаар нийт 104 аж ахуйн нэгжийн 8700 гаруй автомашин нүүрсний тээвэр хийж байна. Монгол-Хятадын хилийн автозамын Гашуунсухайт боомтын хяналт шалгалт, нэвтрүүлэх хурдаас хамаарч өдөрт 400-1100 автомашин хилээр нэвтэрдэг бөгөөд хэвийн ачаалалтай үед 20-30, ачаалал нэмэгдсэн үед 140 км хүртэл урт дараалал үүсдэг. Үүнээс шалтгаалан жолооч нарын дунд өрсөлдөөн үүсч, зориулалтын бус замаар явах, гүйцэж түрүүлэх, хурд хэтрүүлэх, дараалал дундуур дайрч замын зорчих хэсгийг хаах зэргээр хөдөлгөөнд зүй бусаар оролцдог. Энэ нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ноцтойгоор зөрчиж осол эндэгдэл гарах, жолооч нарын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох, мөн замын дагуу хог хаягдал үүсгэж орчныг бохирдуулдаг, газрын хөрсийг сулруулж их хэмжээний тоосжилт үүсгэн байгаль орчныг бохирдуулан эко системд хор учруулдаг зэрэг сөрөг үр дагаврыг бий болгож байна.
Тавантолгой-Гашуунсухайт замд 2016 онд зам тээврийн 1596 осол гарч, 8 хүний амь нас хохирсон бол 2017 онд 1000 орчим осол гарч, 7 хүн амь насаа алджээ.
Засгийн газарт ойрын хугацаанд Таван Толгойн ашиглалтыг сайжруулах талаарх цогц асуудлыг тээвэрлэлтийн хамт оруулж ирж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ хүрээнд Засгийн газрын 320 дугаар тогтоолыг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх юм.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ