НАТО: Монголын зэвсэгт хүчнийхэн Кабулыг аюулаас хамгаалахад гол үүрэг гүйцэтгэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2018-04-26 11:12:14
КАБУЛ. /НАТО/. Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн удирдлага дор Афганистан улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд зургаан сар амжилттай үүрэг гүйцэтгэсэн Монголын зэвсэгт хүчний VI ээлжийн бие бүрэлдэхүүн VII ээлжийн бие бүрэлдэхүүнд ажлаа хүлээлгэн өгөх ёслол энэ сарын 23-нд болсон байна.

НАТО-гийн албан ёсны цахим хуудаст мэдээлснээр, энэ ёслолын үеэр Их Британийн бие бүрэлдэхүүний ахлагч бөгөөд Кабулыг аюулаас хамгаалах хүчний командлагч Симон Хамфри Монголын зэвсэгт хүчний VI ээлжийн бие бүрэлдэхүүнд хандан хэлэхдээ “Та бүхэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж, бусдад үлгэр жишээ болж чадсан. Та бүхний чин сэтгэлийн хүчин чармайлт, байнгын сонор сэрэмж болон цэргийн мэргэжлийн ур чадварын ачаар би болон энэ хуаранд буй бусад хүн өдөр шөнийн алинд ч амар тайван байлаа” гэжээ.

“Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааг явуулж буй Кабулыг аюулаас хамгаалах хүчин нь АНУ, Их Британи, Дани, Австри, Финланд болон Шинэ-Зеланд гэсэн зургаан улсын зэвсэгт хүчнийхнээс албан ёсоор бүрддэг боловч энэ ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэгчдийн нэг нь Монголын зэвсэгт хүчнийхэн юм.

С.Хамфри ёслолын үеэр энэ ажиллагаанд Монголын оролцоо “маш чухал” гэдгийг онцлон тэмдэглээд “Кабулыг аюулаас хамгаалах хүчин нь үндсэн зургаан улсын зэвсэгт хүчнийхнээс бүрддэг боловч Монголын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хэдийнээ энэ хүчний “албан бус” нэг хэсэг болсон нь надад байнга анзаарагддаг. Та бүхэнгүйгээр бидний ажил явахгүй байсан” гэжээ.

Тэрбээр мөн Монголын зэвсэгт хүчний шинэ бие бүрэлдэхүүнд хандан хэлэхдээ “Кабулыг аюулаас хамгаалах хүчний  “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд тавтай морил. Ирэх зургаан сард та бүхэнтэй хамтран ажиллах гэж байгаадаа баяртай байна.  Энэ хавар, зун бид олон сорилттой тулгарна. Үүнд та бүхнийг бэлтгэгдсэн, VI ээлжийн бие бүрэлдэхүүнийхний нэгэн адил эрч хүчтэй, дайчин байна гэдэгт би итгэлтэй байна” гэжээ.

Монгол Улс 2010 оноос НАТО-гийн тэргүүлсэн ажиллагаануудад цэргүүдээ оролцуулж эхэлсэн юм.

НАТО-гийн удирдлага дор 2015 оноос явуулж  эхэлсэн “Шийдвэртэй дэмжлэг” нь Афганистаны Үндэсний батлан хамгаалах ба аюулаас хамгаалах хүчнийхэнд зөвлөгөө өгөх, тэднийг бэлтгэж сургах зорилго бүхий ажиллагаа юм. Афганистаны аюулаас хамгаалах хүчнийхэнд улсаа дангаараа хамгаалж чаддаг болоход туслах нь энэ ажиллагааны гол зорилго билээ.

https://rs.nato.int/news-center/press-releases/2018-press-releases/mongolian-forces-play-a-critical-role-for-the-security-of-kabul.aspx

Г.Доржханд

Холбоотой мэдээ