Хүрэл зэвсгийн үеийн чулуун хэв маш ховор олдворт тооцогддог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-04-26 18:33:46
Увс /МОНЦАМЭ/. МЭӨ 2-1 мянган жилд хамаарагдах Хүрэл зэвсгийн үеийн чулуун хэв Увс аймгийн Музейд хадгалагдаж байна. Монголын эртний үйлдвэрлэлийн чухал дурсгалд тооцогдох чулуун хэвийг тус музейн ажилтан Т.Бямбадорж 1970 онд Цагаанхайрхан сумын нутгаас олжээ. Энэ нь үйлдвэрлэлийн хэрэгсэл болох чулуун хэв бөгөөд маш ховор олдсон, хүрлийн чухал баримт мөн тул хосгүй үнэт үзмэрт тооцогддог байна.
 
Тус хэв нь 29х14х3 см-ийн хавтгай чулууг засаж хийсэн бөгөөд гадна тал нь мөлгөр, дотор тал нь хавтгай, нэг зах талыг нумлан дугуйруулж, нөгөөг шулуун болгон зассан хар хөхөвтөр өнгийн занар чулуу байна. Чулуун хэвний дээд хэсэг нь 3,155 кг жинтэй, 29 см урттай, 13,5 см өргөн, 3,9 см зузаан хэмжээтэй. Харин доод чулуун хэв нь 3,115 кг жинтэй, 29,3 см урт, 14 см өргөн, 4 см зузаан аж. Хүрэл төмрөөр хийсэн эд өлгий хэдэн зуугаараа олдож, гадаад дотоодын эрдэмтдийн сонирхлыг татаж, археологийн талаар сайн судлагдсан боловч ямар аргаар яаж үйлдвэрлэж байсан нь сонин юм.
Уг чулуун хэвийн талаар эрдэмтэн Д.Цэвээндорж, Н.Баарай нар судлаад дараах дүгнэлтийг хийжээ. “Уг чулуун хэв нь хүрэлийн үед буюу МЭӨ -2 мянган жилд хувийн өмчийн хэлбэр үүсч байсан үед хамаарагдах бололтой. Энэ хоёр чулуун хавтгайг хооронд нь хавсарч хажуугийн сүвээр нь халуун хайлмаг хүрэл цутган даруй нэг дор хоёр хутга, нэг шөвөг хийж байсан хос хэв мөн” хэмээн тэд үзжээ. Хэвд сийлбэрлэсэн шөвөгний дүрсний хоёр үзүүр нарийн байгаа нь зориулалтын хугацааг уртасгах зорилготойгоороо Өмнөговь, Хиагт, Читийн музей дэх хэвнүүдээс онцлог аж. 
Б.Батхүү

Холбоотой мэдээ